/Bloomberg/. “Brent” газрын тосны үнэ 2022 оны 11 дүгээр сарын 17-ноос хойш анх удаа нэг торх нь 92 ам.доллар давлаа. Лондоны “ICE Futures” биржийн мягмар гаргийн арилжааны явцад “Brent” маркийн газрын тосны 11 дүгээр сард нийлүүлэх хэлцлийн үнэ 1.81 хувиар өсөж, нэг торх нь 92.28 ам.долларт хүрсэн байна.
Түүнчлэн Нью-Йоркийн барааны бирж дээр “WTI” маркийн газрын тосны 10 дугаар сарын фьючерс хэлцлийн үнэ 2.14 хувиар өсөж, нэг торх нь 89.16 ам.доллар болжээ.
Дэлхийн зах зээлд эрэлт тогтвортой нэмэгдэж байгаагийн зэрэгцээ “ОПЕК+” бүлгийн хамгийн том гишүүн орнуудын нийлүүлэлт хязгаарлагдмал байгаагийн улмаас газрын тосны үнэ ийнхүү өсжээ. Зургаадугаар сарын сүүлчээс хойш газрын тосны фьючерс хэлцлийн үнэ 25 орчим хувиар өссөн байна.
Хятад болон бусад орнуудад газрын тосны хэрэглээ эрчимтэй нэмэгдсэнтэй холбоотойгоор дэлхийн газрын тосны эрэлт дээд хэмжээндээ хүрлээ гэж Олон улсын эрчим хүчний агентлаг /ОУЭХА/ наймдугаар сарын тайландаа мэдээлж байв. ОУЭХА-ийн тооцоолсноор, дэлхийн түлшний хэрэглээ өнгөрсөн зургаадугаар сард анх удаа өдөрт дунджаар 103 сая торх болсон байна. Зуны улиралд агаарын тээврээр зорчигчдын тоо эрс нэмэгдэж, эрчим хүч үйлдвэрлэлд газрын тосны хэрэглээ өсөж, түүнчлэн Хятадын нефть химийн салбарын эрэлт нэмэгдсэн зэргээс шалтгаалан газрын тосны эрэлт дээд түвшинд хүрсэн гэж ОУЭХА мэдэгджээ.
ОПЕК-ийн тооцоолсноор дэлхийн газрын тосны зах зээл ирэх улиралд өдөрт 3 сая гаруй торх газрын тосны нийлүүлэлтийн хомсдолд орж болзошгүй байгаа бөгөөд энэ нь сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд тохиолдсон хамгийн том хомсдолд тооцогдож байна.