Сонсголын бэрхшээлтэй иргэдийн чөлөөт бөхийн ДАШТ Киргизийн Бишкек хотод 4 өдөр болж өндөрлөлөө.
Тэмцээний сүүлчийн өдөр 79 кг-ын жинд өрсөлдсөн Ш.Батбаатар хүрэл медаль зүүлээ. Тэрбээр эхний тойрогт Украины тамирчин Юкша Дмитрийг 10-0 оноогоор ялж, Туркийн Дондер Огузад 10-0-ээр ялагдаж, хүрэл медалийн төлөө АНУ-ын бөх Жонсон Эштен Генийг цэвэр ялснаар Дэлхийн аваргын 3 дахь медалиа хүртсэн нь энэ. Ш.Батбаатар тив, дэлхий, олимпийн наадамд жигд амжилттай барилдаж байгаа бөгөөд Дифлимпийн хошой хүрэл, ДАШТ-ий 3 хүрэл, Азийн АШТ-ий хошой хүрэл медаль хүртсэн тамирчин юм.
Залуучуудын шинэхэн Дэлхийн аварга Н.Бат-Эрдэнэ насанд хүрэгчдийн ангилалд 74 кг-ын жинд өрсөлдсөн ч медальд хараахан хүрсэнгүй. Ийнхүү сонсголын бэрхшээлтэй иргэдийн чөлөөт бөхийн ДАШТ-ээс Монгол Улсын шигшээ багийн тамирчид залуучуудын Дэлхийн аваргын алт, насанд хүрэгчдийн Дэлхийн аваргын хүрэл медальтай эх орондоо ирэх нь.