СӨҮЛ. /Yonhap/. Өмнөд Солонгосын “Данури” сансрын автомат төхөөрөмж Энэтхэгийн “Чандраян-3” сансрын аппаратын буусан Сарны өмнөд туйлын зургуудыг авсан тухай тус улсын Шинжлэх ухааны яам өнөөдөр мэдээлжээ.
“Дэлхийн дагуулыг гадаргуугаас нь 100 км-ийн зайд тойрон эргэж буй “Данури” нь “Чандраян-3”-ын газардсан Шив-Шакти цэгийн зургийг наймдугаар сарын 27-ны 7:55 цагийн орчимд авсан” гэж Шинжлэх ухаан, мэдээлэл, харилцаа холбооны яам, Солонгосын Сансар судлалын хүрээлэнгээс мэдээлсэн байна.
“Чандраян-3” нь Энэтхэгийн сансар судлалын хөтөлбөрийн хүрээнд Сарыг судлах зорилгоор бүтээсэн гурав дахь сансрын аппарат бөгөөд наймдугаар сарын 23-нд Сарны өмнөд туйлд амжилттай газардсан билээ.
Өмнөд Солонгосын анхны сарны тойрог замын аппарат “Данури” нь сансарт 145 хоног аялсныхаа дараа өнгөрсөн оны 12 дугаар сарын 27-нд Сарны тойрог замд орсон бөгөөд нэг сар орчмын турш туршилт хийсний эцэст хоёрдугаар сарын 4-нөөс үндсэн ажиллагаагаа эхлүүлсэн юм.
Энэхүү аппарат нь энэ оны эцэс хүртэл зургаан хэрэгслийнхээ тусламжтайгаар сарны гадаргын төлөв байдал, соронзон хүч, гамма туяа болон бусад шинж чанарыг судална. Мөн ирээдүйд илгээх төхөөрөмжүүдэд зориулан буух боломжтой газруудыг тодорхойлох ажээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг