Чөлөөтийн ДАШТ-д зодоглох Монголын шигшээ

оруулсан Алсын Хараа
Сербийн нийслэл Белград хотод энэ сарын 16-23-ны өдрүүдэд чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ болно. Монголын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан болон дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Т.Сүхбаатар, Б.Баяраа, Б. Батзориг нараар удирдуулсан 20 хүний бүрэлдэхүүнтэй шигшээ баг тус улсыг зориод буй.  Монголын багийн онцлох зарим тамирчдын мэдээллийг хүргэе.
Төмөр-Очирын ТУЛГА
сонин mn
Энэ удаагийн ДАШТ-ий 65 кг-ын жинд ОУХМ Төмөр-Очирын Тулга өрсөлдөх юм. Түүний хувьд дөрөв дэх удаагаа ДАШТ-д оролцож буй туршлагатай тамирчин. Тиймээс ч бөх сонирхогчид энэ удаад түүнд ихээхэн найдлага тавьж байна.  Т.Тулга-Очир нь 65 кг-ын жинд өсвөр үе болон 23 хүртэлх насны Азийн аварга, Тахтийн цомын аварга, Ромын Гранпригийн мөнгө, Мадридын Гранпригийн хүрэл, Дмитрий Коркиний нэрэмжит олон улсын тэмцээний мөнгө, хүрэл, “Монголиа Опен” тэмцээний  хүрэл медальтайгаас гадна, үндэсний шигшээ баг, “Хүч” спорт хороо, “Бүтэн бүрмэл” компанийн тамирчин юм. Тэрбээр 2021 онд болсон Ослогийн ДАШТ-нээс Монголын багийн хоёр дахь хүрэл медалийг авчирснаар дэлхийд нэрээ дансалсан юм. Түүний энэ онд гаргасан амжилтаас дурьдбал, бөхийн төрлүүдийн дэлхийн чансааны оноо олгох “Ranking Series” тэмцээн Хорватын нийслэл Загребт болсон. Тус тэмцээнд Т.Тулга 65 кг-ын жинд алтан медаль хүртэж төрийн дууллаа эгшиглүүлсэн юм. Тэрбээр алтан медалийн төлөөх барилдаанд өнгөрсөн жил Динмухамед Кунаевын нэрэмжит тэмцээний шигшээд ялж байсан АНУ-ын Жозеф Маккенаг 4:1-ээр ялж алтан медалийн тавцанд зогссон юм. Одоо тэрбээр ийнхүү ДАШТ-д зодоглохоор Белградад очоод байна.
Пүрэвдоржийн ОРХОН  
сонин mn
2017 оны наймдугаар сарын 23. Энэ өдөр Францын нийслэл Парис хотын спортын төв ордонд далбаагаа тэвэрсэн монголчууд Монголын төрийн дууллаа дуулж, Пүрэвдоржийн Орхон хэмээх монгол охиноор дэлхий бахархаж байсан юм. Учир нь тэрбээр Монголын чөлөөт бөхийн тамирчдаас ДАШТ-ий 56 дахь медалийн эзэн болсон бол эмэгтэй бөхчүүдийн 23 дахь, харин Дэлхийн аваргын долоо дахь алтан медалийн эзнээр тодорч байсан нь тэр юм. Монголын чөлөөтийн гуравхан эмэгтэй дэлхийн аваргын нэг тэрбээр энэ удаагийн ДАШТ-ний 62 кг-ийн жинд хүч үзэхэд бэлэн болжээ. Хэдийгээр 2018 онд Индонези улсад болсон Азийн зуны спортын наадамд алтан медаль хүртсэнийхээ дараа допинг илэрсэн гэх шалтгаанаар барилдах эрхээ дөрвөн жилээр хасуулсан тэрбээр өнгөрсөн онд шийтгэлийн хугацаа нь дууссанаар эргэн дэвжээндээ ирсэн билээ. Монгол Улсын гавьяат тамирчин П.Орхон таван жилийн дараа ийнхүү дахин дэвжээнд гарахдаа энэ оны гуравдугаар сард болсон Улсын аваргад түрүүлж, хэр форумтай байгаагаа харуулсан. Улмаар дөрөвдүгээр сард болсон ААШТ-д зодоглож, мөнгөн медалийн эзэн болсон юм. Тэрбээр алтан медалийн төлөөх барилдаанд “Токио-2020” олимпийн наадмын мөнгөн медальт, “Нур-Султан-2019”, “Осло-2021” дэлхийн хошой аварга Кыргызстаны Айсулуу Тыныбековатай хүч үзэж 5:9-өөр ялагдсан юм. Энэ жил манай тамирчин дэлхийн дэвжээнд даагаа нэхэх нь дамжиггүй.
Мөнхтөрийн ЛХАГВАГЭРЭЛ
сонин mn
Шинэхэн гавьяат Мөнхтөрийн Лхагвагэрэл энэ удаагийн ДАШТ-ий 125 кг-ийн жинд хүч үзнэ. Энэ нь түүний оролцож буй гурав дахь ДАШТ юм. Монголын чөлөөт бөхийн хүнд жингийн энэ цагийн акул тэрбээр Токиогийн олимпод хүрэл медлалийн үзүүрээс атгаад алдсаныг бөх сонирхогчид мартаагүй байхаа. Түүний хувьд 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, залуучуудын болон 23 хүртэлх насны Азийн дэд аварга, улсын заан, үндэсний шигшээ баг, “Даян” дэвжээ, “Жем Интернэшнл” компанийн тамирчин юм. М.Лхагвагэрэл 2021 оны Ослогийн “Жордал Амфи” ордонд Монголын багийн анхны хүрэл медалийг авчирч байв. Энэхүү амжилт нь түүнийг Монголын чөлөөт бөхийн түүхэнд хамгийн хүнд жинд дэлхийн дэвжээнээс анхны медаль  авсан монгол бөх болгон өргөмжилсөн юм.  Харин энэ жил тэрбээр Казахстаны Астана хотод болсон чөлөөт бөхийн ААШТ-ий 125 кг-ын жинд алтан медаль хүртэж, нэгэн шинэ түүхээ бичсэн билээ. М.Лхагвагэрэл шигшээ барилдаанд өмнө нь гурван удаа барилдахдаа нэг ялж, хоёр удаа ялагдаж байсан U23 ангиллын ДАШТ-ий хүрэл медальт, насанд хүрэгчдийн Азийн аварга, Казахстаны бөх Юсуп Батырмурзаевыг 1:1 оноогоор ялж, Монголын эрэгтэй бөхчүүдээс Азийн аваргаас 16 дахь алтан медалийг эх орондоо авчирсан. Өмнө нь 2001 онд гавьяат тамирчин Г.Өсөхбаяр Улаанбаатарын дэвжээнд хүнд жинд хамгийн сүүлд алтан медаль хүртэж байсан бол М.Лхагвагэрэл ийнхүү 22 жил тасалдаад байсан алтан медалийн буухиаг үргэлжлүүлсэн билээ. Тиймээс ч энэ удаагийн ДАШТ-д Сербийн ордонд Монголын төрийн дуулал эгшиглэхийг үгүйсгэхгүй ээ.
Долгоржавын ОТГОНЖАРГАЛ
сонин mn
Монголын чөлөөт бөхийн түүхэнд 20 насандаа оны шилдэг залуу тамирчин болж, 21 насандаа Монголын шилдэг эмэгтэй тамирчнаар тодорч байсан бөх бол Долгоржавын Отгонжаргал юм. Өнгөрсөн жил Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо ДАШТ-ий дараа дэлхийн чансааг шинэчлэн гаргасан билээ. Энэхүү үзүүлэлтээр  манай эмэгтэй бөхчүүдээс Д.Отгонжаргал шинэчилсэн чансаанд 50 кг-ын жинг тэргүүлж эхэлсэн юм. Тиймээс ч энэ жил жиндээ босоо байж чадах уу гэдгээ энэ удаагийн ДАШТ-ээр тэр харуулах биз ээ. Анх 12 наснаасаа чөлөөтөөр хичээллэх болсон тэрбээр 2018 онд олон улсын анхны медалиа хүртсэн нь Өсвөрийн ДАШТ-ний мөнгөн медаль байв. Ингээд тэрбээр гуравхан жилийн дараа “Осло 2021” ДАШТ-д хүрэл медалийн төлөө барилдахаар зогсож байсан юм. Ийнхүү тэрбээр олон жилийн хүч хөдөлмөрийнхөө шимийг хүртэж, дэлхийн медальтан болсон билээ. Д.Отгонжаргал дараа жил нь буюу өнгөрсөн оны ДАШТ-ээр Пан Америкийн зургаан удаагийн аварга, жиндээ дэлхийн чансааг тэргүүлэгч, АНУ-ын бөх Сара Хильдебрантай хүч үзэн ялснаар алтан медалийн төлөө гарч ирсэн юм. Гэвч тэрбээр жижигхэн техникийн алдаа гаргаснаар мөнгөн медалийн тавцанд зогссон юм. Д.Отгонжаргал энэ жил бэлтгэл ч тун сайн байгаа даа.
Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих