Мароккод аврагчид цаг нартай уралдан ажиллаж байна

оруулсан Алсын Хараа
РАБАТ. /CNN/. Мароккод аврагчид өнгөрсөн баасан гарагт болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас нурж сүйдсэн барилгын нурангин доороос хүмүүсийг аврах, алслагдсан суурингуудад очихоор цаг нартай уралдан ажиллаж байна.
Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас 2862 хүн амиа алдаж, 2562 хүн гэмтэж бэртсэн гэж тус улсын төрийн мэдлийн хэвлэлд даваа гарагт мэдээлжээ. Мароккогийн төвийн нутагт сүүлийн 100 гаруй жилийн хугацаанд болсон хамгийн хүчтэй газар хөдлөлт энэ болсон бөгөөд алслагдмал уулархаг бүс нутгуудад ихээхэн хохирол учирсан байна.
Газар хөдлөлтийн голомт нь жуулчдын сонирхлыг ихэд татдаг, эдийн засгийн төв Марракеш мужаас холгүй байсан юм. Одоогийн байдлаар олон оршин суугч гэртээ эргэж очихоос эмээн гудамжинд хоног төөрүүлж байна. Түүнчлэн түүхийн дурсгалт олон газар нурж сүйджээ.
Дэлхийн бусад улс орнуудын удирдагчид тусламж үзүүлэхээ илэрхийлээд байгаа энэ үед Мароккогийн хаан VI Мухаммед байгалийн гамшгаас эсэн мэнд аврагдсан хүмүүст тусламж хүргэх тусламжийн комисс байгуулахыг үүрэг болгожээ. Одоогоор Мароккогийн эрх баригчид Испани, Их Британи, Катар, АНЭУ гэсэн дөрвөн улсаас тусламж авахыг хүлээн зөвшөөрөөд байгаа ажээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Сэтгэгдэл бичих