НЬЮ-ЙОРК. /BBC/. “US Open” тэмцээний шувтаргын тоглолтод Новак Жокович Оросын Даниил Медведевийг хожиж, 24 дэх удаагаа "Их дуулга"-ын аварга цолыг хүртлээ.
Өдгөө 36 настай Сербийн теннисчин ОХУ-ын теннисчнийг 6:3, 7:6 (7:5), 6:3 онооны харьцаагаар хожжээ. Н.Жокович Их дуулгын тэмцээнд 24 дэх удаагаа түрүүлснээр Австралийн теннисчин Маргарет Кортийн 50 жилийн дээд амжилттай тэнцэв.
“Энэ спортын хамгийн өндөр түвшинд өрсөлдөх хүүхэд насныхаа мөрөөдлийг биелүүлж байна” гэж Н.Жокович ВВС-д өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.
Тэрбээр энэ жилийн дөрвөн "Их дуулга"-ын гуравт нь түрүүлж, дөрөв дэх удаагаа ийм амжилт үзүүлсэн анхны тамирчин боллоо.
Одоо дэлхийн номер нэг теннисчин 2024 оны нэгдүгээр сард болох Австралийн нээлттэй тэмцээнд түрүүлбэл М.Кортын амжилтыг эвдэх боломжтой болж байгаа юм. Тэрбээр аль хэдийн “Australia Open” Их дуулгын 10 түрүү авч дээд амжилт тогтоогоод байгаа аж.