/FIBA/. 2023 оны сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ шувтаргын тоглолтод Германы шигшээ баг Сербийн багийг 83:77 онооны харьцаагаар хожлоо.
Тоглолтын хамгийн олон оноо авсан тоглогчоор Германы шигшээ багийн хамгаалагч Деннис Шрөдер тодорлоо. "Лос-Анжелес Лейкерс" багт хүчин зүтгэдэг тэрбээр багтаа 28 оноо авчирсан байна. Сербийн багаас Алекса Аврамович 21 оноо авчээ. Германы шигшээ баг ДАШТ-ий бүх найман тоглолтод нэг ч хожигдолгүй түрүүллээ.
ДАШТ-ий шилдэг тоглогчоор Германы шигшээ багийн хоёр тамирчин буюу довтлогч Франц Вагнер, MVP буюу хамгийн үнэ цэнтэй тоглогчоор Деннис Шрөдер нар шалгарлаа. Тэрбээр самбараас долоон удаа бөмбөг авч, хоёр удаа оновчтой дамжуулж, гурван удаа бөмбөг тасалж, 19 оноо авчээ.
Хүрэл медалийн төлөөх тоглолтод Канадын шигшээ баг АНУ-ын багийг нэмэлт цагт 127:118-аар хожив. Канадчууд анх удаа сагсан бөмбөгийн ДАШТ-ээс медаль хүртэж байгаа юм.
ДАШТ-д хамгийн олон буюу таван удаа түрүүлсэн багууд бол АНУ, Югославын багууд юм. Германчуудын хувьд анх удаа алтан медаль хүртэж байна. 2019 оны тэмцээний финалд Испанийн баг Аргентины шигшээ багийг (95:75) хорин онооны зөрүүгээр хожсон юм. Германы сагсанбөмбөгчид одоогоос 21 жилийн өмнө буюу 2002 онд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гуравдугаар байр эзэлсэн амжилт үзүүлж байжээ.