ШИНЭ ДЕЛИ. /Anadolu/. Дэлхийн ДНБ-ий 85 хувь, дэлхийн худалдааны 75 хувийг бүрдүүлдэг "Хорийн бүлэг”-ийн (G20) орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалт есдүгээр сарын 9-ний бямба гарагт Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотноо эхэлсэн.
“G20”-ийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг жилд нэг удаа тогтмол зохион байгуулдаг. Энэ жилийн уулзалтыг “Нэг дэлхий, нэг гэр бүл, нэг ирээдүй” уриан дор Энэтхэгт 18 дахь удаагаа зохион байгуулж байна. Энэтхэг улсад “G20”-ийн уулзалтыг анх удаа зохион байгуулж байгаа бөгөөд уулзалтууд тус улсын үзэсгэлэнгийн хамгийн том төв болох Прагати Майданд (Бхарат Мандапам) болно.
Хоёр өдөр үргэлжлэх дээд хэмжээний уулзалтаар дэлхийн эдийн засгийн цогц шинэчлэлийн талаар хэлэлцэх юм. Түүнчлэн “ногоон” хөгжил, хурдацтай, хүртээмжтэй, тогтвортой өсөлт, тогтвортой хөгжлийн зорилтууд, технологийн өөрчлөлт, дижитал нийтийн дэд бүтэц, 21-р зууны олон талт институцууд, эмэгтэйчүүдээр удирдуулсан хөгжилд хүрэх хурдацтай ахиц дэвшил зэрэг асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна. Мөн хөгжингүй болон хөгжиж буй орнуудын ялгааг багасгах асуудлыг хэлэлцэх асуудлуудын жагсаалтад багтаажээ.
“Хорийн бүлэг”-ийн бүрэлдэхүүнд нийт 19 улс (Аргентин, Австрали, Бразил, Канад, Хятад, Франц, Герман, Энэтхэг, Индонез, Итали, Япон, Мексик, Орос, Саудын Араб, Өмнөд Африк, Өмнөд Солонгос, Турк, Их Британи болон АНУ), нэг холбоо (Европын Холбоо) ордог.
Дээд хэмжээний уулзалтын үеэр оролцогч орнуудын удирдагчид бүс нутгийн болон дэлхийн тулгамдсан асуудлууд, ялангуяа Орос, Украины зэвсэгт мөргөлдөөний талаар хэлэлцэх төлөвтэй байна.
Уулзалтад АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак, Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, Германы Канцлер Олаф Шольц, Японы Ерөнхий сайд Фүмио Кишида, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёль, Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман, Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Сирил Рамафоса, Бүгд Найрамдах Бангладеш Ард Улсын Ерөнхий сайд Хасина Важид, Аргентины Ерөнхийлөгч Андрес Альберто Фернандес, Нигерийн Ерөнхийлөгч Бола Ахмед Тинубу, Австралийн Ерөнхий сайд Энтони Албанез зэрэг удирдагчид оролцох бол БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар оролцохгүй юм. БНХАУ-ыг Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян, ОХУ-ыг Гадаад хэргийн сайд Сергей Лавров төлөөлөн оролцоно.
Энэтхэгийн нийслэлд дээд хэмжээний уулзалт болохын өмнө аюулгүй байдлын өндөржүүлсэн арга хэмжээ авчээ. Аюулгүй байдлыг хангахад 50 мянга гаруй цагдаагийн алба хаагч оролцох бөгөөд тэдэнд Энэтхэгийн Үндэсний гвардын цэргүүд дэмжлэг үзүүлнэ. Уулзалтын зохион байгуулах төвийн ойролцоох өргөн чөлөө, гудамж, албан газруудыг гурав хоног хаахаар болжээ. Түүнчлэн есдүгээр сарын 8-10-ны хооронд Энэтхэгийн хэд хэдэн бүс нутагт зорчихыг хязгаарласан байна.
"Их 20"-ийн удирдагчид Оросоос хүнс, бордоо, Украинаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг саадгүй нийлүүлэхийн тулд үр тарианы хэлэлцээрийг хэрэгжүүлэхийг уриалав. Энэ тухай Шинэ Делид болсон “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын эцсийн тунхагт дурдсан байна .
"НҮБ-ын зуучилсан Истанбулын хэлэлцээр болон Туркийн хүчин чармайлтыг өндрөөр үнэлж байна. Украины боомтуудаас хүнс, үр тариаг аюулгүй тээвэрлэх, Орос болон Украинаас үр тариа, хүнс, бордоог саадгүйгээр цаг тухайд нь нийлүүлэх зорилго бүхий Хар тэнгисийн санаачилгыг биелүүлэхийг уриалж байна" гэж баримтад онцгойлон тэмдэглэжээ. Үр тарианы хэлэлцээр хэрэгжүүлэх нь хөгжиж буй болон буурай хөгжилтэй орнууд, ялангуяа Африкийн эрэлт хэрэгцээг хангахад зайлшгүй шаардлагатай.
Оросын тариалангийн бүтээгдэхүүний хязгаарлалтыг гэрээний нөхцлийн дагуу чөлөөлсний дараа тохиролцоог сэргээхэд бэлэн гэж Ерөнхийлөгч В.Путин Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай хэлэлцээр явуулсаны дараа хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн юм.