Т.САЙХАН
“Шүүх хийгээд шүүгчийн хараат бус, бие даасан байдал”, “Шүүхийн шинэчлэл”, “Шүүхэд итгэх олон нийтийн итгэл”-ийн талаар бид олон жил ярьж байна. Шүүхийн хуулиудад байсгээд л хуулийн өөрчлөлт хийдэг. Тэр болгон нь шүүхийг шинэчлэх зорилготой. Гээд үр дүнд хүрдэг үү. Хараат бус, бие даасан байдал нь дээрддэггүй. Хэвээрээ л дуулдсаар... Шүүхэд итгэх итгэл жил ирэх тутам унасаар... Судалгааны дүнгүүд үүнийг нотолсоор...
Сарын дараа эхлэх УИХ-ын намрын ээлжит чуулганы хэлэлцэх асуудлын 58 дугаарт Шүүх байгуулах тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэхээр зоожээ. Үүнийг хэлэлцэнэ. Батална. Тэгээд хэрэгжүүлнэ. Шүүхэд хөдөлгөөн орно. Бужигнаан гэмээр үйл явц өрнөнө.
Үүнтэй зэрэгцээд шүүхтэй холбоотой бас нэг томоохон үйл явдал өрнөхөөр болоод байна. УИХ-ын нэр бүхий гишүүд “С.Баярцогтыг шүүсэн шүүхийн шийдвэрийг хууль бусаар зассан” асуудлыг хөнджээ. Эрхэм гишүүд энэхүү “дабль стандарт”-аар нийтийн сонсгол хийхээр гарын үсэг цуглуулж эхэлжээ. Тэр нь энэ долоо хоногоос эрчимжих бололтой.
Ер нь бол С.Баярцогтод холбогдох асуудлыг гурван шатны шүүх шийдсэн. Харин үүнийг нь Дээд шүүхийн хоёр шүүгчийн тусгай саналаар дахин хэлэлцээд мөрдөн байцаалтад буцаасан. АТГ-ынхан дахин мөрдөж шалгаад хэрэгсэхгүй болгох саналыг НПГ-т илгээсэн. Прокурор түүнийг нь ёсоор болгосон. Энэ явдал өнгөрсөн жилийн наадмын өмнө болж өнгөрсөн байдаг.
С.Баярцогтын хэрэг хэмээх энэ кэйс нийгэмд нэлээд шуугиан тарьсан. Урьд өмнө Монголын шүүхийн түүхэнд ийм явдал болж байсангүй. Гурван шатны шүүхээр шийдэгдсэн хэргийг дахиж мөрдөн байцаалтад буцаагаад хэрэгсэхгүй болгож байсан түүх байхгүй. Энэ талаар улстөрчид нэг их ярьдаггүй. Харин хуульчид үе үе дуугардаг. Тухайлбал, хуульч Г.Ганзориг хоёр жилийн өмнө С.Баярцогтын хэргээр жишээлж байгаад “Аливаа шүүхийн шийдвэр нь төгсгөлийн буюу эцсийн байх зарчимтай. Англиар “Finality of Judgement” гэдэг. Шүүхийн эцсийн шийдвэр гарсны дараа хэн нэгэн этгээд түүнийг өөрийн таалалд нийцүүлэн дураараа хүчингүй болгох, өөрчлөхөөс хориглосон агуулгаараа, энэ нь ардчилсан нийгмийн шүүгчийн хараат бус байдлын алтан зарчимд тооцогддог. ...Ерөнхий шүүгч, шүүх эрх мэдлийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож байгаа нь шүүгчийн хараат бус байдлыг зөрчиж байгаа хэрэг юм. Ерөнхий шүүгч, “шүүхийн хаан” биш. Тиймээс тэрбээр зөвхөн бусад шүүгчийн л адил эрх мэдэл эдлэх ёстой” хэмээн бичиж нийтлүүлж байв.
Тэгвэл С.Баярцогт яг ямар асуудалд холбогдсон бэ. Шүүх түүнийг нь хэрхэн шийдсэн бэ.
2019.1.25. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог "Сангийн сайд асан С.Баярцогт Оюу толгойн гэрээг байгуулахаасаа өмнө тус компанийн хөрөнгө оруулагч “Айвенхоу Майнз Монголиа Инк”, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн талын хувьцааг эзэмшиж байсан гэдэг нь шалгалтаар тогтоогдсон. Харин гэрээг үзэглэж, компанийн үйл ажиллагаа эхлэх үед өөрийн ашгаа хүртээд эргүүлэн хувьцаагаа зарсан байдаг. Ингэж өөртөө давуу байдал олж авч их хэмжээний ашиг олсон гэдэг нь хамтарсан шалгалтын хүрээнд тогтоогдсон. Өөрт байгаа давуу байдлаа ашиглаж, өөртөө ашиг олсон гэх үндэслэлээр шалгаж байна” гэж мэдэгдсэн.
2019.11.11. АТГ-аас “Оюу толгойн гэрээтэй холбоотой С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарт холбогдох хэрэг, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн байна” хэмээн мэдээлэв.
2020.7.17. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд С.Баярцогтыг эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг давтан үйлдсэн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө мөнгө, орлогын эх үүсвэрийг нуун далдалж мөнгө угаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2, 2015 оны Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2.3, 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, нийт 10 жил хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэжээ. С.Баярцогтоос гэмт хэрэг үйлдэх замаар олсон орлого болон үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн биет хөрөнгийг хурааж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн юм.
2020.12.3. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг хянан хэлэлцээд прокуророос С.Баярцогтод 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс “Оюу толгой” ордыг ашиглах хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх ажлын хэсгийн орлогчоор томилогдон ажиллахдаа албан тушаалын байдлаа урвуулан, өөрийн эхнэр Ч.Нарантуяагийн хувьцаа эзэмшдэг нэр бүхий компаниудаар дамжуулж их хэмжээний орлого олж, Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан гэх хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Улмаар С.Баярцогтод холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилж, 2015 оны Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 18.6 дугаар зүйлийн 2.3, 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, нийт 4 жил 8 сар хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн.
2021.1.13. УЕПГ-аас 2020 онд хяналт тавьж шүүхээр шийдвэрлэсэн 48 хэрэгт 21 тэрбум 586 сая төгрөгийн хууль бус хөрөнгийг хурааж, улсын орлого болгох шүүхийн шийдвэр гарсан талаар мэдээлсэн. Энэ үеэр “С.Баярцогтоос дөрвөн тэрбум 10 сая төгрөг, гурван үл хөдлөх эд хөрөнгийг хураах шийдвэр гаргасан” гэж байв.
2021.5.19. Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар С.Баярцогт нарын таван хүнд холбогдох 470 хавтас хэргийг шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцсэн. Ингээд С.Баярцогтын нийт эдлэх ялыг нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 4 жил 8 сар хорих ялаар тогтоов. Мөн С.Баярцогтоос 1 345 876 ам.долларыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх өдрийн төгрөгийн ханшаар тооцон гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн. С.Баярцогтод холбогдох 2015 оны Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /үндэслэлгүйгээр хөрөнгөжих/ гэмт хэргийг тус хуулийн 18.6 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан /мөнгө угаах/ гэмт хэрэгт нэгтгэн зүйлчилж, түүнд 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2, 2015 оны Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар дээрх шийдвэрийг гаргасан байдаг. Харин Дээд шүүхийн дээрх хуралдааны үеэр тус шүүхийн Эрүүгийн танхимын шүүгч Д.Эрдэнэбалсүрэн, Б.Амарбаясгалан нар “С.Баярцогтыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хөдөлбөргүй батлагдаагүй. Хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсны дараа хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй” гэсэн тусгай санал гаргажээ.
2021.7.19. Хоёр шүүгчийн тусгай саналын дагуу Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим дахин бүрэлдэхүүнээрээ хуралдаж, С.Баярцогт нарын нэр бүхий таван хүнд холбогдох эрүүгийн хэргийн анхан, давж заалдах болон хяналтын шатны шүүхийн шийдвэрийн С.Баярцогтод холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгов. Улмаар түүний хэргийг тусгаарлаад, нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаахаар шийдвэрлэсэн. Ингэхдээ “Хяналтын шатны шүүхийн шийдвэр гаргахад оролцсон хоёр шүүгчийн тусгай санал хууль ёсны бөгөөд үндэслэлтэй, хяналтын шатны шүүх яллах дүгнэлтийн хүрээнээс хальж шийдвэр гаргасан бөгөөд прокурор, шүүх хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийхдээ хуульд заасан гэмт хэргийн шинжийн аль нь тогтоогдсон болохыг зааглан тогтоож, дүгнэлт хийж чадаагүй, үүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, дээрх өрсөлдөх хэм хэмжээний ялгаатай шинж, гэмт хэргийн нөхцөл байдлыг шалгаж, тодорхойлж тогтоогоогүй зөрчил нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” гэж үзсэн байдаг.
2022.6.10. АТГ-аас С.Баярцогтын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, түүнийгээ НПГ-т хүргүүлэв.
2022.6.13. НПГ-аас С.Баярцогтод холбогдох эрүүгийн 170200... ... ... дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоол гаргав.
2022.7.6. УЕПГ-аас мэдээлэл хийж “С.Баярцогтод холбогдох хэргийг 2021 оны долдугаар сарын 11-ний өдөр Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаас тус хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүүлэхээр буцаасан. Улмаар мөрдөх байгууллагаас хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай НПГ-т ирүүлсэн. Манайхаас хянаж үзээд мөрдөн шалгах ажиллагаагаар дээрх нөхцөл байдал тогтоогдоогүй. Тиймээс хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн” гэж мэдээлсэн байдаг.
Энэ асуудлаар Ерөнхийлөгч асан эрхэм, УИХ-ын гишүүн, хуульч зэрэг хэд хэдэн субьект өнгөрсөн хугацаанд Цэцэд хандсан. Тэд Цэцэд “Гурван шатны шүүхийн шийдвэрийг хууль бусаар засчихлаа” гэсэн агуулга бүхий мэдээллийг гаргаж байв. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Ганбаатар 2023 оны хоёрдугаар сарын 9-нд “Монголд хууль эрхийн байгууллагууд нь хуулиа зөрчдөг болоод байна. Хамгийн гол нь С.Баярцогтын асуудал дээр, Оюу толгойн асуудал дээр Дээд шүүхийн ерөнхий шүүгчийн оролцоотойгоор хууль бус шийдвэр гарсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай 2021оны нэгдүгээр сарын 15-ны өдөр хүчингүй болсон хуулиар С.Баярцогт нарт холбогдох хэргийг хүчингүй болгосон. Энэ асуудлыг Цэцэд өгч байна. Дээд шүүхийн ерөнхий шүүгч гурван зүйл заалтыг зөрчсөн. Үндсэн хуулийн “Шударга ёс хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэдгийг зөрчсөн. Үндсэн хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэрүүд нь шүүхийн ерөнхий шүүгчид ч гэсэн хамааралтай” гэж байсан юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 11. ДАВАА ГАРАГ. № 179 (7164)