Монголын банк, санхүүгийн салбарыг тас базаад зогсохгүй улс төр бизнесийн бүлэглэлийн жолоо цулбуурыг атгаж, стратегийн томоохон ордуудаар гадныхантай наймаалцагч, улсаа тоногч “сахал”Д.Эрдэнэбилэг 14 хоногийн зөвшөөрөл авч гадагш яваад ирэлгүй хагас жил тойрч байна. Хамгийн сүүлийн байдлаар түүнийг Сингапурт байгаа, хэзээ ирэхээ өөрөө хэлэх гэнэ гэсэн мэдээлэл гарсан. Гэтэл таг чиг байсан тэрбээр сая гэнэт “амь орж”, Монголд үлдсэн гар хөлнүүдээ Сингапураас удирдаж эхлэв. Тодруулбал, Засгийн газар баруун аймгуудаар тойрон хуралдаж, Ерөнхий сайд болон гишүүд Ховд аймагт очих үеэр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, “Монголын зэс” корпорацийн захирал Ц.Пүрэвтүвшинг хөтөлчихсөн тууж очжээ. Түүний санаа нь баруун хязгаарт, олны нүднээс далд Ерөнхий сайдтай уулзах байж. Гэтэл Ерөнхий сайд хүлээж авахаас татгалзсан байгаа юм. Тэгэнгүүт сөрсөн базаа хийж, Ховдын иргэдтэй уулзалт зохион байгуулсан. Түүнчлэн иргэдийг турхирч, аймгийн Засаг дарга болоод, тойргоос сонгогдсон гишүүдийг нүд чичлүүлэх “заал алах” төлөвлөгөөг хэрэгжүүлсэн гэлцэж байна.
“Экс” Ерөнхийлөгч тийшээ өөрөө дурандаа ч гүйгээд оччихсон юм биш. Ерөнхий сайдын иргэдтэй хийсэн уулзалтаар Ховд аймгийн Мянгад суманд орших газрын ховор элементийн томоохон нөөц болох Халзан бүргэдэйн орд газрын асуудал хөндөгдсөн. Тус ордыг ашиглах эсэхийг нутгийн иргэдийн саналаар шийднэ гэдгийг Ерөнхий сайд мэдэгдсэн юм. Гэтэл тус орд газрын хайгуулын лицензийг 2012 онд “Сахал” Д.Эрдэнэбилэг өөрийнх болгосон байдаг. Улмаар Халзан Бүргэдэйн орд газрын төслийг “Эрдэнэт”-ийн 49 хувийг авдаг “Монголын зэс” корпорацийн захирал Ц.Пүрэвтүвшин хариуцаж буй. Ховд аймгийн иргэдийн зүгээс тус ордыг ашиглахыг эрс эсэргүүцэж, жагсаал цуглаан хүртэл зохион байгуулж байсан юм. Тэгвэл Ерөнхий сайдын Ховд аймгийн иргэдтэй хийсэн уулзалтаар Халзан Бүргэтэйн ордын хувь заяа хийгээд “сахал” Д.Эрдэнэбилэг нарын эрх ашиг хөндөгдөж байгаа тул нууц ноёнтон нь Сингапураас товч дарж, “утсан хүүхэлдэйнүүд”-ээ хөдөлгөж эхэлсэн нь ойлгомжтой байгаа юм. Түүгээр зогсохгүй” хар хүний өмнөөс шар хүн” гэгчээр Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж тэнд “сахал” Д.Эрдэнэбилэгийн менежерийг хийж явна гэдэг тэдний улс төр, эдийн засаг сүлэлдсэн эрх ашгийн нэгдэл ямар том болохыг, хэр нарийн сүлжээтэйг харуулж байна.
“Сахал” Д.Эрдэнэбилэгийн улсад учруулсан хохирол, өдүүлсэн гэмт хэргийг нэхэн сануулахад, тэрбээр “Эрдэнэт” үйлдвэр ТӨҮГ-ын 49 хувь, Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК, Цемент шохой ХК-ийг хууль бусаар хувьчлан, хохирол учруулсан гэх 21 оролцогч, хоёр хуулийн этгээдийн бүрэлдэхүүнтэй эрүүгийн хэрэгт шалгагдаж буй. 2022 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр тус хэргийг АТГ-аас прокурор руу шилжүүлсэн ч 2023 оны хоёрдугаар сард Д.Эрдэнэбилэг эрүүл мэндийн зайлшгүй шалтгаантай хэмээн Сингапур улсад 14 хоног эмчлүүлэх хүсэлт гаргасан. Түүний хүсэлтийн дагуу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар захирамж гаргаж, “14 хоногийн хугацаагаар Сингапур улсад эмчлүүлэх шаардлагатай” гэсэн хүсэлтийг хангаж, 3.000.000.000 /Гурван тэрбум/ төгрөгийн барьцаа аваад явуулчихсан. Нэг үгээр хэлбэл “оргуулчихсан”. Учир нь шүүх энэ шийдвэрээ Засгийн газар ба түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчдөд мэдэгдэлгүйгээр шүүх хурлыг зохион байгуулж, тус шийдвэрийг гаргасан байдаг.
2023 оны дөрөвдүгээр сард яллагдагч Д.Эрдэнэбилэг нь Монгол Улсад байхгүй байна гэсэн үндэслэлээр прокурор хэргийг мөрдөн байцаалтад буцааснаар түүний улсад учруулсан гурван их наяд шахам төгрөгийн хохирлыг хэрхэн нөхөн төлүүлэх нь эргэлзээтэй болсон. Нийслэлийн прокуророос Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд яллагдагч Д.Эрдэнэбилэгийн хил давахдаа байршуулсан гурван тэрбум төгрөгийн барьцааг улсын орлого болгож, хилээр орж ирэнгүүт нь цагдан хорих буюу хүндрүүлэх нөхцлөөр шүүхэд шилжүүлээд байгаа. Шүүхийн шатанд “сахал” Л.Эрдэнбилэгийн хэргийг хэрхэн шийдэж буйг харвал “харганын ноос түүж эсгий хийх” гэгчийн үлгэрийг л санагдуулж байгаа юм. Монгол Улсыг гурван их наядаар хохироосон “сахал” Д.Эрдэнэбилэгийн хувьд гурван тэрбум төгрөг бол халаасны л мөнгө. ХХБ-ийг захирч, “Эрдэнэт” үйлдвэр ТӨҮГ-ын 49 хувь, Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК, Цемент шохой ХК дээр нэмээд Халзан Бүргэдэйн ордод эзэн сууж, Монголын стратегийн ордуудаар “шатар нүүж”, манай улстай эрхзүйн харилцан туслалцааны гэрээгүй Сингапурт шигдчихээд тэндээсээ “утсан хүүхэлдэй”-нүүдээ удирдаж, экс Ерөнхийлөгчөөр менежердүүлж байгаа “сахал” Д.Эрдэнэбилэгийн шуналыг хязгаарлахад Монголын төр жулдах уу, эсвэл төмөр нүүрээ харуулж хууль цаазыг мэдрүүлэх үү?
Ч.ЗОТОЛ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН