Энэ жилийн улсын баяр наадмын хүчит бөхийн барилдааны түрүү бөх, Улсын Арслан М.Бадарч авто осолд орсон тухай мэдээлэл сошиал орчинд цацагдсан мэдээлэл үнэн аж. Энэ тухай "Цагдаагийн байгууллагад 2023 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 07 цаг 41 минутад Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, "Баясах трейд" ХХК-ийн хашаанаас урагш 2.5 километр зайтай Богд-Уулын ар бэлд М.Бадарч нь улсын дугааргүй UVT маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад онхолдож Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн гэх мэдээлэл бүртгэгдсэн" гэж албаны эх сурвалж хэллээ.
Мөн тэрбээр өнөөдөр үдээс хойш допинг хэрэглэсэн эсэх асуудлаар хэвлэлийн бага хурал хийх гэж байсан бөгөөд "Сэтгэл санаа муу байна.Жаахан агаар амьсгалаад ирье " гэж машинаа унаж гараад ийн харамсалтай явдал болжээ.
Улсын арслан М.Бадарчийн биеийн байдал тогтвортой байгааг ГССҮТ-өөс мэдээлэв. Түүнийг ГССҮТ-ийн Гар сарвуу нөхөн сэргээх бичил мэс заслын тасагт хэвтүүлэн эмчилж байгаа аж. Тус төвийн нэрээ нууцлахыг хүссэн нэгэн ажилтан "Үйлчлүүлэгчийн биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд гарын шууны хугаралд мэс засал эмчилгээ хийж байна." гэлээ.