Сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй АНУ-ын шигшээ баг өчигдөр буюу Ням гарагт Литва улсын багт хожигдож шуугиан тарилаа.
Тэмцээний эхний хагасыг Литвачууд 17 онооны илүүтэй дуусгасан бол хоёрдугаар хагаст Америкчуудын тоглолт сэргэсэн ч оноогоор өрсөлдөгчөө гүйцэж чадаагүй юм.
Литва улсын хувьд түүхэндээ гурав дахь удаагаа АНУ-ын багийг хожиж байгаа бол Америкчуудын хувьд 2002 оноос хойш анх удаагаа хэсгийн шатны тоглолтод хожигдож байна.
Гэхдээ хоёр баг тэмцээнээ цааш үргэлжлүүлж, J хэсгийн нэгдүгээрт бичигдсэн Литвагийн баг Мягмар гарагт Сербийн шигшээ багтай, хоёрдугаарт бичигдсэн АНУ-ын баг Италийн шигшээ багтай хагас шигшээ буюу хасагдах шатанд өрсөлдөх юм.
Литвагийн ерөнхий дасгалжуулагч Казис Максвитис “Тамирчдадаа баяр хүргэе. Гэхдээ бид дараагийн тоглолтдоо бэлдэхийн тулд баяр хөөрөө мартах хэрэгтэй байна” гэж ярьжээ.
АНУ-ын ерөнхий дасгалжуулагч Стив Керр “Аз болоход алтан медаль зүүх манай зорилгод энэ ялагдал саад учруулахгүй. Бидэнд FIBA-гийн тэмцээнээс туршлага суух сайхан тоглолт боллоо. Би ялагдлыг үзэн яддаг тул шөнө сайн унтаж чадахгүй байх. Гэхдээ биднийг сайжрахад ийм мэдрэмж хэрэгтэй. Бид хоёрдугаар хагасыг эхлүүлсэн шигээ энэ тэмцээнийг эхлүүлэх ёстой байсан. Энэ сургамж биднийг улам сайжрахад тус болно гэдэгт би найдаж байна” гэж ярьсан юм.
Эх сурвалж: CNN