Пап Францисын айлчлалын талаар гадны хэвлэлүүд онцлов

оруулсан Алсын Хараа

Гэгээн ширээт улсын Төрийн тэргүүн Пап Францисын Монгол дахь айлчлал өнөөдөр /2023.09.04/ өндөрлөж байна. Айлчлалын хүрээнд Пап Францис төр засаг, иргэний нийгмийн төлөөллүүдтэй уулзсанаас гадна шашин хоорондын уулзалтыг ч зохион байгуулсан юм. Түүний айлчлалын талаар гадаадын томоохон хэвлэлүүд онцолсноос доор толилуулж байна.


Reuters:

-Ромын Пап Францис Ням гаригт Монголын нийслэлд болсон мөргөлийн үйл ажиллагааг удирдан явуулахад тус улсын бараг бүх католик шашинтан оролцсон. Энэ нь урьд өмнө тохиолдож байгаагүй үйл явдал юм. Монгол Улс 3.3 сая хүн амтай бөгөөд үүнээс 1450 нь католик шашинтай. Пап ламын айлчлалын онцлох үйл явдал нь Улаанбаатарын Степпе Аренад цугласан олон байлаа. Монгол дахь есөн сүмийн ихэнх нь нийслэлд байдаг ч алслагдсан дүүргийн нэг сүм нь ердөө 30 орчим гишүүнтэй. Олон монгол хүн нүүдэлчин зан заншлаа хадгалсаар байгааг Пап хэлсэн үгэндээ онцолжээ. “Бид бүгдээрээ бурханы нүүдэлчид, аз жаргалыг эрэлхийлсэн мөргөлчид, хайраар цангаж буй аянчин” гэж тэр хэлсэн байна. Мөргөлийн арга хэмжээнд буддын шашны лам нарын төлөөлөл ч оролцжээ. Пап Францис бусад шашны төлөөлөлтэй уулзах үедээ бүх шашны төлөөллүүдийг эв нэгдэлтэй байж, хүчирхийллийг өөгшүүлдэг үзэл суртлаас зайлсхийхийг уриалав. Тэрбээр айлчлалаа эхлүүлснээс хойш Монгол дахь шашны эрх чөлөөг өндрөөр үнэлсээр ирсэн.

CNN:

-Ромын Пап Францис Бямба гаригт Орос, Хятадын дунд орших, цөөхөн католик шашинтантай Монгол Улсад хийх 8000 км-ийн аяллаа албан ёсоор эхлүүллээ. Монгол дахь айлчлалын үеэр бусад улсад хийсэн айлчлалтай адил олон хүн цугларсангүй. Цахим сүлжээнд нийтлэгдсэн зургуудаас харахад 100 орчим хүн Улаанбаатарын төв талбайд цугларсан байв. Мөн Пап ламыг бусад оронд айлчлах үеэс илүү хамгаалалт багатай байжээ. Монгол Улсын хоёр хүчирхэг хөрштэй Ватиканы харилцаа хурцдаж буй үед энэхүү айлчлал тохиолоо. 2018 онд Ватикантай байгуулсан гэрээгээ зөрчсөн гэж Хятадыг буруутгадаг. Харин Ватикан, Москвагийн харилцаа Украин дахь дайнаас болж муудсан.

Associated Press:

-Пап лам Францис дэлхийн хамгийн жижиг, шинэ католик шашны нийгэмлэгийн нэгийг дэмжихээр Баасан гаригийн өглөө Монгол Улсад хүрэлцэн ирлээ. Тэр анх удаа далайд гарцгүй Азийн улсад айлчилж байгаа бөгөөд Орос, Хятадтай харилцаа хурцадсан үед энэ нь тохиож байна. Хэдийгээр харилцаа хурцадмал байгаа ч тэр Хятадын агаарын орон зайг дайран өнгөрөх үедээ Ши Жиньпин даргад мэндчилгээ дэвшүүлжээ. Ватиканы протоколын дагуу харь орны дээгүүр нисэх бүртээ ийм мэндчилгээ илгээдэг. Түүний мэндчилгээг нөхөрсөг байдал, сайн санааны илрэл гэж Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин хэллээ. Пап Францис Монголыг зорих замдаа “Цөөн тооны иргэнтэй. Цөөн хүн ам, гэхдээ том соёл” гэж хэлжээ. ЗХУ-ын коммунист засгийн газраас татгалзаж, шашин шүтлэгийн эрх чөлөөг үндсэн хуульдаа тусгасны дараагаас католик сүм Монгол Улсад зөвшөөрөгдсөн эрхтэйгээр оршин тогтнож байна.

Сэтгэгдэл бичих