Энэтхэг улс Нарыг судлахаар сансрын аппарат хөөргөлөө

оруулсан Алсын Хараа

/BBC/. Энэтхэг улс Сарны өмнөд туйлд сансрын аппарат газардуулсан анхны орон болж түүхэнд бичигдсэнээс хойш хэдхэн хоногийн дараа Нарыг судлах анхны аппаратаа амжилттай хөөргөлөө.

“Aditya-L1” аппаратыг Шрихарикота арал дахь сансрын буудлаас орон нутгийн цагаар бямба гаргийн 11:50 цагт хөөргөжээ. Энэ аппарат Дэлхийгээс 1.5 сая км-ийн зайд аялах бөгөөд энэ нь Дэлхий-Нар хоорондын зайны нэг хувьтай тэнцэх юм.

Энэтхэгийн сансрын агентлагийн мэдээлснээр, дээрх зайг дөрвөн сарын хугацаанд туулах ажээ. Нарны аймаг дахь хамгийн том объектыг судлахын тулд сансарт байрлуулах гэж буй Энэтхэгийн анхны аппаратын нэр болох “Aditya” гэдэг үг нь хинди хэлээр “нар” гэсэн утгатай.

“Aditya-L1” аппарат Лагранжийн L1 цэгийг зорьж байгаа юм. Европын сансрын агентлагийн мэдээлснээр, Лагранжийн цэг нь Нар, Дэлхий зэрэг хоёр том биетийн таталцлын хүч нь харилцан 0 болсноор сансрын хөлөгт хөөрөх боломжийг олгодог цэг юм. “Aditya-L1” энэхүү “зогсоол”-доо хүрмэгц Нарыг Дэлхийтэй ижил хурдаар тойрон эргэх боломжтой болно. Өөрөөр хэлбэл, хиймэл дагуулыг ажиллуулахын тулд маш бага түлш шаардагдана гэсэн үг.

Бямба гаргийн өглөө хэдэн мянган хүн хөөргөх ажиллагааг үзэхээр Энэтхэгийн Сансрын судалгааны байгууллагын /ISRO/ хөөргөх талбайгаас холгүй байгуулсан цэгт цугларчээ. Мөн уг үйл явдлыг үндэсний телевизээр шууд дамжуулах явцад тайлбарлагчид “гайхалтай хөөрөлт" хэмээн дуу алдаж байлаа.

“ISRO”-гийн судлаачдын мэдээлснээр, хөөргөлт амжилттай болсон бөгөөд нислэг хэвийн явагдаж байна. Хөөрснөөс хойш нэг цаг дөрвөн минут өнгөрсний дараа “ISRO” агентлаг нислэг амжилттай болсныг мэдэгдлээ.\

Сэтгэгдэл бичих