Юн Сог Ёль багш нарын эрхийг хамгаалахыг үүрэг болгожээ

оруулсан Алсын Хараа

/Yonhap/. Даваа гарагт БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль багш нарын эрхийн хамгааллыг сайжруулахыг шаардаж буй сургуулийн багш нарын жагсаалд онцгой ач холбогдол өгч, тэдний эрхийг хамгаалахын төлөө бүх хүчин чадлаа дайчлахыг туслахууддаа үүрэг болгосон тухай түүний ажлын албанаас мэдээлэв.

Сурагчид, эцэг эхчүүдтэй хамтран ажиллахад үүссэн асуудлын улмаас амиа егүүтгэсэн багш нарын араас эмгэнэн гашуудаж, эрхээ хамгаалуулах шаардлага тавьсан 200 мянган орчим багш Сөүл хотод жагссанаас хоёр хоногийн дараа Юн Сог Ёль долоо хоног тутмын хурлын үеэр дээрх чиглэлийг өгчээ.

“Өнгөрсөн амралтын өдрүүдэд багш нарын хашгиран шаардаж байсан зүйлсийг ой ухаандаа гүн гүнзгий ойлгон шингээж, багш нарын эрхийг баталгаажуулж, боловсролын салбарыг хэвийн ажиллуулахын төлөө бүх хүчээ дайчлах хэрэгтэй” хэмээн Юн Сог Ёль хэлснийг түүний хэвлэлийн төлөөлөгч Ли Ду Вон уламжиллаа.

Даваа гаргийн орой багш нар дахин жагсаал цуглаан хийхээр товлоод байгаа бөгөөд үүнд оролцохын тулд олон багш нэг өдрийн чөлөө авсан тул улс даяар 30 орчим бага сургууль ажиллах хүчний дутагдлын улмаас энэ өдрийг түр амралтын өдөр болгон зарлахад хүрчээ.

Юн Сог Ёль мөн либерал ардчилалд заналхийлж буй үйлдлүүдийн эсрэг тэмцэхийг уриалж буйгаа дахин илэрхийлсэн байна. “Бид либерал ардчилсан улс төрийн тогтолцоог ганхуулах, устгах гэсэн үйлдлүүдэд улс төрийн харьяалал харгалзахгүйгээр бүх ард түмнийхээ хамт эрс шийдвэртэй хариу өгөх ёстой” гэж тэрбээр хэлжээ.

Сэтгэгдэл бичих