Капитоли руу дайрсан бүлэглэлийн толгойлогчид 17 жилийн ял оноов

оруулсан Алсын Хараа

/VOA/. АНУ-ын нийслэл Вашингтонд орших Капитолийн ордон руу дайрахад оролцож, хуйвалдаанд өдөөн турхирсан гэх хэрэгт холбогдоод буй “Бардам залуус” /Proud Boys/ гэдэг хэт барууны бүлэглэлийн толгойлогч асан Жозеф Биггс-т 17 жилийн хорих ялыг өчигдөр Холбооны шүүхээс оноосон байна.

Болсон явдлыг эргэн сануулахад, 2021 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр Ерөнхийлөгч асан Д.Трампыг дэмжигч олон мянган хүн Ж.Байдены ялалтыг Конгресс баталгаажуулан зарлахад саад учруулахын тулд Капитолийн ордон руу дайрсан билээ.

Холбооны тойргийн шүүгч Тимоти Келлигийн оноосон энэхүү ял нь холбооны прокуророос ирүүлсэн ялын дүгнэлтэд зааснаас хамаагүй хөнгөн ял юм. Прокурорын зүгээс терроризмын хэргээр Биггс-т 33 жилийн хорих ял оноохыг шаардаж байжээ. Харин 17 жилийн ял оноосноо шүүгч тайлбарлан хэлэхдээ “би хүчирхийллийн хор холбогдлыг бага гэж үзээгүй ээ, гэхдээ энэ хэрэг олон хүний аминд хүрээгүй учраас хэт хатуу шийтгэл оноох нь зохимжгүй” гэлээ.   

Ялын тогтоолыг уншихын өмнө Биггс хийсэн үйлдлийнхээ төлөө уучлал хүсжээ. “Цугларсан олон хүн намайг түлхэн шахсан учраас би урагшлахаас өөр аргагүй болсон. Би бол террорист биш, миний сэтгэлд үзэн ядалт байхгүй” гэж тэрбээр хэлсэн байна.  

Капитолийн ордон руу дайрсан хэрэгт холбогдуулан 1100 гаруй хүнийг баривчилсан бөгөөд тэднээс 630 нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, 110 гаруй хүн ял сонсоод байна. Дайралтын үеэр 5 хүн амиа алдаж, цагдаагийн 140 ажилтан гэмтэж бэртжээ. 

Сэтгэгдэл бичих