/REUTERS/. Сингапурын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өнөө өглөөний 08:00 цагт эхэллээ. Тус хот улс даяар ажиллаж буй 1200 гаруй санал авах байр оройны 20:00 цагт хаагдана.
Сонгуульд оролцож буй гурван нэр дэвшигч бол Ерөнхий сайдын орлогч асан Тарман Шанмугаратнам, санхүүч Нг Кок Сонг, бизнес эрхлэгч Тан Кин Лиан нар юм. Энэ жилийн тухайд, Сингапурт амьдардаг хятад, малай, энэтхэг гэсэн гурван угсаатны бүлгийн төлөөлөл Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож болно. Учир нь, 1993 оноос хойших сүүлийн таван сонгуульд угсаатны бүлэг бүрийн төлөөлөгч төрийн тэргүүнээр сонгогдон ажилласан юм.
Тус улсын 21-ээс дээш насны 2,7 сая иргэн санал өгөх эрхтэй ба сонгуульд заавал оролцох үүрэгтэй, оролцоогүй тохиолдолд дараагийн сонгуульд оролцох эрхийг нь хасдаг байна.
Сингапур бол парламентын бүгд найрамдах улс бөгөөд засаглалын бодит эрх мэдэл Ерөнхий сайдад төвлөрдөг. Ерөнхийлөгч нь Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурор, төрийн албан комиссын гишүүд, Батлан хамгаалахын сайд, цагдаагийн комиссар нарыг томилох эрхийг эдэлнэ. Түүнчлэн парламентын гишүүдийн дийлэнх олонхийн саналыг авсан хүнийг Ерөнхий сайдаар томилдог.
Мөн санхүүтэй холбоотой хуулийн төслүүдэд хориг тавих, ялтнуудад өршөөл үзүүлэх, авлигын эсрэг үйл ажиллагаанд оролцох, дотоодын аюулгүй байдал ба шашны асуудлаар шийдвэр гаргахад оролцох эрхийг эдэлнэ.
Энэ удаагийн сонгуульд одоогийн ерөнхийлөгч Халима Якоб оролцохгүй ажээ.