УИХ-ын гишүүн, Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр тэрээр: "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн нууц тушаалаар Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт байрладаг хилийн отрядыг Гурвантэс сум руу шилжүүлж, улсын хилийн 15 км газар нутгийг хилийн хяналтаас гаргаж, БНХАУ-ын талд шилжүүлж өгсөн мэт ташаа мэдээлэл өчигдрөөс нийгмийн сүлжээнд гарсан.Уг мэдээллийг нийтэлсэн байж болзошгүй хоёр иргэнийг Эрүүгийн Цагдаагийн Газар, Тагнуулын Ерөнхий Газраас шалгаж байгаа.
Монгол Улсын хил хязгаарын бүрэн бүтэн байдлыг алдагдуулсан ямар ч шийдвэр гараагүй.
Монгол Улс БНХАУ-тай 1962 онд хилийн гэрээ байгуулан, 1962-1964 онд хилийг газар дээр нь тэмдэглэж, 1975 онд НҮБ-д бүртгэгдсэн. Манай урд хил бол НҮБ-д бүртгэгдсэн, эргэлтийн цэгийг нь өөрчлөх боломжгүй. БНХАУ-тай хиллэж байгаа бүх боомт цагийн хуваарийн дагуу ажиллаж байна. Хойд хөрштэй хиллэдэг хил ч хэвийн. Монгол Улсын хил тайван амгалан байгаа.
Ер нь сонгууль ойртсонтой холбоотой ч юм уу? нийгмийн сүлжээнд нууц хаягаар үндэсний эв нэгдлийг бусниулах зорилготой, зэвсэгт тэмцэлд уриалсан мэдээлэл гарах боллоо. Эдгээр хүмүүст хуулийн дагуу хариуцлага тооцох ёстой" гэв.