Т.Ням-Очир: Шинэ хичээлийн жилд хууль эрх зүйн цоо шинэ орчинд ажиллана

оруулсан Алсын Хараа

Шинэ хичээлийн жилд буюу 2023-2024 онд боловсролын салбар хууль эрх зүйн цоо шинэ орчинд ажиллана.

“Шинээр баталсан боловсролын салбарын багц хуулийг нэг мөр ойлгон, түвшин бүрд хуулиа хэрэгжүүлэхэд онцгой анхаарах нь тэргүүний зорилт. Тухайлбал, нийслэл, дүүрэг бүрд 2 хүртэл ахлах сургууль байгуулах, үүнтэй уялдуулаад мэргэжлийн сургуулиудыг хамруулах, зарим сургуулийг татан буулгана. Улсын хэмжээнд ЕБС-д томоохон флатформуудыг нэвтрүүлж, хүүхэд, оюутан залуусын сурч хөгжих эрх, хамгаалалд илүү анхаарна. Дотуур байр, номын сангийн үйлчилгээний талаар зорилтдоо тусгасан. Мөн өнгөрсөн онд 10 мянган хүүхэдтэй нээгдэж байсан "Мэдлээ” цахим сургуулийг өргөжүүлж, 11-р ангийн сонгон суралцах хичээлийг зохион байгуулахаар бүртгэл эхэлсэн байгаа. "Мэдлээ"  цахим сургуулийн хүүхдийн тоо энэ жил 30 мянга хүрэх төлөвтэй. Алслагдсан байдлаас шалтгаалаад, хичээл сонгон суралцаж чадахгүй байгаа хэсэгт тус сургууль бие дааж сурахад нь ахиц дэвшил өгч байгаа”-г хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан БШУЯ, БЕГ, НБГ хамтран зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир онцлов.

Түүнчлэн, шинэчилсэн хуульд СӨБ, ЕБС-д хичээл эхлэх, дуусах хугацааг хуульчилснаас гадна хичээлийн жилийн үргэлжлэх хугацаанд хичээллэх хоногийн тоог олон улсын стандартад нийцүүлэн 170-185 хоног байхаар шийджээ. Дөрвөн улиралтай байх бүтэц баталсан тул сургалтын төлөвлөгөөтэй холбоотой албан бичгийг аймгуудад хүргээд байна. Үүнд, сургалтын төлөвлөгөөний цагийг өөрчлөөгүй бөгөөд шалгалтын 7 хоног, бүх нийтээр амрах өдрүүдтэй холбоотой, сургууль өөрөө бие дааж шийдэх, хүүхдийн хөгжил хамгаалалд цаг илүү зарцуулах боломж бүрдүүлэхээр зохицуулжээ.

Энэ хичээлийн жилд СӨБ-д 302 мянган хүүхэд урьдчилсан байдлаар бүртгүүлээд байна. Нийслэлийн цэцэрлэгийн 2 дахь ээлжийн бүртгэлийг удахгүй зохион байгуулах ч одоогоор шинээр 71 мянга гаруй хүүхэд элсэх баримжаа байгаа аж.

ЕБС-д энэ жил 781 мянган хүүхэд элсэн суралцана. Энэ нь өнгөрсөн оныхоос 35 мянган хүүхдээр нэмэгджээ. Мэргэжлийн боловсролд 40 мянга орчим хүүхэд суралцах, 22 мянган хүүхэд шинээр элсэхээс гадна их дээд сургуульд 147 мянган хүүхэд суралцаж, 25 мянган хүүхэд шинээр элсэх төлөв гараад байна. Эдгээр урьдчилсан тоо 10 дугаар сарын 15 гэхэд эцсийн байдлаар баталгаажих юм.

Сэтгэгдэл бичих