АН-ын ҮБХ-ны дуулиан шуугиан дуусаагүй л байна. Шок...Тэд 15 дэд даргатай болж, дэлхийд байхгүй нам болсноо зарласан юм. АН-ын лидерүүдийн энэ яриа тохироонд олон нийт гайхаж цочирдов. АН-ын гишүүдийн олонх нь эгдүүцэж, дургүйцэж байх шиг байна.
Яагаад гэхээр түүхэн 23 жилийнхээ хугацаанд ажилласан бүх дэд дарга нарынх нь тоо Лу.Гантөмөрийн дэд дарга нарынхтай дүйцэхээр байгаа юм. Энэ амжилтаар Гиннест бүртгэж, өргөмжлөл хүртээдэг бол манай АН лавтай авахаар болов.
АН яагаад ийм шийдэл гаргасныг ухаад сураглаад явах нээ, сонин сонин зүйлүүд сонсогдож байна. Юуны өмнө С.Баярцогтыг намын удирдлагад гаргаж ирэхийн тулд “15 дэд дарга” акцыг сэджээ. Энэ ухаалаг төсөл нь амжилттай хэрэгжив. Олон нийт, бас намынхан нь 15 дэд дарга руу анхаарч, араар нь С.Баярцогт АН-ын толгойд гараад суучихлаа. Тэгэхээр одоо 15 дэд даргаа хэл амнаас мулталж, намжаах ажил эхэлж байх шиг байна. Тэгэхгүй бол гэнэт тодорсон дэд дарга нар намынхантайгаа уулзаад явахад ч хүнд, атаа жөтөө багагүй байгаа дуулдана. Дээрээс нь экс хоёр Ерөнхийлөгчийг “...Хүмүүсээ шахчихлаа” гээд АН-ынхан дургүй байна. Дэд дарга нар тойрсон асуудал ингэсгээд намдах төлөвтэй. Угаасаа “зохиол” нь ийм аж. Удахгүй ганц нэгээрээ хорогдсоор цөөхөн хэдэн дэд даргатай болох биз ээ.
Харин энэ ҮБХ-гоор АН-ын генсек яагаад тодроогүй үлдсэн бэ гэдгийг анхаарах учиртай. Уг нь тэргүүн дэд дарга С.Баярцогтод давхар хариуцуулна гэсэн яриа тохироо хийгдсэн байгаа юм. Гэвч олонх нь дэмжээгүй аж. Ингэж тэгсээр генсек дээрээ тохиролгүй ҮБХ-ны хурлыг эхлүүлчихжээ.
Лу.Гантөмөрийн хувьд ҮБХ-ны хурлаас нэлээд хэд хоногийн өмнө “...Шаардлагыг хүлээж авна, шантаажийг зөвшөөрөхгүй” гээд байсан. Гэвч яг ҮБХ-ны өмнө шөнийн байдлаар “экс”-үүдээс ирсэн шантаажийг жонхууруулж байгаад тэг дундуур нь шийдсэн бололтой. Нэг “экс” нь олон дэд дарга тавьж, төлөөний хүнийхээ “гал”-ыг хамгаалах “санал”-тай байсан бол нөгөөх нь тэргүүн дэд даргаас эхлээд АН дахь удирдах албан тушаалуудад хүмүүсээ байршуулах "хүсэлт"-ээ илэрхийлжээ. Тэгвэл Лу.Гантөмөрийн хувьд эдгээр санал, хүсэлтийг шийдчихэж байгаа юм. 15 дэд даргатай болгож, түүндээ аль алиных нь талынхыг багтаажээ. Гэхдээ үүн дээр Лу.Гантөмөр маш сайн дагуулж “тонгорсон” гэж байна. Тодруулбал, “...Генсек болно” гээд гүйлдээд байсан бүх хүнийг дэд дарга болгочихсон байгаа юм. Одоо генсект горилогчдын нөөц дууссан. Тэр ингэж “экс”-үүдийн шантаажийг дагуулсан “шахаа” хийжээ. Тиймээс тэрбээр тэр албан тушаалд өөрийнхөө хүнийг томилох эрхтэй болж буй юм байна. Өөрөөр хэлбэл, АН-ын генсекийн нэр ойрын үед Лу.Гантөмөрийн “халаас”-наас гарч ирнэ гэсэн үг.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин