ЗӨСҮТ: Тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор нэг хүн нас барлаа

оруулсан Алсын Хараа

Зоонозын өвчин судлалын үндэсний төв өнөөдөр /2023.08.30/ тарваган тахлын сэжигтэй байж болзошгүй тохиолдлоор нэг хүн нас барсан талаар мэдээллээ. Тодруулбал, наймдугаар сарын 29-нд Говь-Алтай аймагт шалтгаан тодорхойгүй нас баралт бүртгэгдсэн байна.

Уг тохиолдлыг тарваган тахлын сэжигтэй байж болзошгүй гэж үзэн онош тодруулахаар ЗӨСҮТ-ийн мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр орон нутгийн Онцгой комисс, эрүүл мэндийн газар, ЗӨСТ-ийн хамтарсан баг голомтод хариу арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна гэв.
Онош тодруулах лабораторийн шинжилгээг Ховд аймгийн ЗӨСҮТ-д хийх бөгөөд хариуг гарсан тухайн цагт мэдээлэх аж.

ЗӨСҮТ-ийн дарга Н.Цогбадрахын хэлснээр "Улсын хэмжээнд тарваган тахлын батлагдсан хоёр тохиолдол байна. Хүмүүсийн биеийн байдал сайжирч, тусгаарлалт дуусч эмнэлгээс гарсан. Сэжигтэй тохиолдлын хувьд өдөр бүр дуудлага мэдээлэл ирж байгаа учир их. Батлагдсан тохиолдлын хувьд нэг нь Говь-Алтай, нөгөө нь Улаанбаатарт. Эдгээр тохиолдлын нэгдүгээр хавьтлаас өвчилсөн хүн байхгүй.

Тарваган тахлын өвчлөлийн батлагдсан тохиолдол нэмэгдэхгүй байгаа ч ЗӨСҮТ-д өдөр бүр сэжигтэй гэх дуудлага мэдээлэл ирж байна. Энэ нь өвчлөл тархах эрсдэл их байгааг харуулж байгаа хэлбэр.

Ялангуяа төв суурин газарт халдварын сэжигтэй дуудлага их бүртгэгдэж байгаа нь хүмүүс анхааруулаад байхад тарвага агнаж зөөвөрлөж, махыг нь идэж байгаатай холбоотой. Болгосон мах боодог төдийгүй тарваганы түүхий эд ихээр зөөвөрлөж байгаа нь Улаанбаатарт тахал тархах өндөр эрсдэл үүсгэж байна" гэсэн юм.

Сэтгэгдэл бичих