Оросын сангийн сайд асан, эдийн засагч Михаил Задорнов өчигдөр РБК бизнес мэдээний сувагт рублийн ханшийн уналттай холбоотой нийтлэл бичжээ.
Тэрбээр саяхан рублийн ханш огцом унасныг Энэтхэг улсад хуримтлагдаж, түгжигдсэн Оросын экспортын орлоготой холбон тайлбарласан байна.
Украины дайны улмаас Өрнөдийн эдийн засгийн хоригоор шийтгүүлсэн Орос улс газрын тосоо Азийн том зах зээлтэй орнуудад, тухайлбал Энэтхэг улсад хямд үнээр, их хэмжээгээр нийлүүлэх болсон.
Гэвч энэхүү экспортынх нь орлого болох их хэмжээний рупийг Оросын эрх баригчид өөрийн валют руу хөрвүүлж чадахгүй байгаагийн улмаас Энэтхэгийн банкуудад түгжигдсэн юм.
Олон улсын худалдаанд төдийлөн ашиглагддаггүй Энэтхэгийн рупийгээр төлбөр тооцоогоо хийсэн нь ийм үр дүнд хүргэжээ.
“Бидэнд Энэтхэгээс худалдаж авах зүйл байхгүй. Рупий нь хөрвөх чадваргүй валют учраас бид орлогоо авч чадахгүй байна” гэж Задорнов нийтлэлдээ бичсэн байна.
Түүний бичсэнээр Орос улс Энэтхэгт $30 тэрбумын дүнтэй газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлж, буцаагаад $6-$7 тэрбумын бараа импортолсон гэнэ.
Задорнов бас рублийн ханшийн уналтад Оросын иргэдэд өгч буй төрөл бүрийн татаасууд сөргөөр нөлөөлснийг тайлбарлажээ.
Ийм татаасууд импортын хэрэгцээг өсгөсөн нь рублийн ханшид сөргөөр нөлөөлсөн гэж тэр үзэж байна.
Хэрвээ Оросын засгийн газар иргэдэд мөнгө тараахаа зогсоож, төв банк мөнгөний бодлогоо чангаруулбал ам.долларын эсрэг рублийн ханш одоогийн 95-аас 85 болон сайжрах боломжтойг Задорнов тайлбарлажээ.
Түүний энэ нийтлэл Кремлийн эрх баригчдын анхааралд өртөж, рублийн ханшийн уналтад Энэтхэгт хуримтлагдсан рупийн орлого нөлөөлсөн гэх дүгнэлтийг Оросын эрчим хүчний яам няцаасан байна.
Оросын эрх баригчид экспортын орлогоо Хятадын юаниар авах хүсэлт тавьсан ч Энэтхэгийн тал зөвшөөрөхгүй байгаа юм. Талууд энэ оны тавдугаар сард төлбөр тооцооны асуудлаа шийдэх зорилготой уулзалт хэлэлцээ зохион байгуулсан нь үр дүнд хүрээгүй. Орос, Энэтхэгийн төлбөр тооцооны маргаан зэвсгийн худалдааг нь бас гацаагаад байгаа юм.
Эх сурвалж: Business Insider