Хянан шалгах түр хороог Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар даргална

оруулсан Алсын Хараа

УИХ-ын 2023 оны 63 дугаар тогтоолоор байгуулагдсан “Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг УИХ-ын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны анхны хурал өнөөдөр Төрийн ордонд боллоо.

Хуралдааныг УИХ-ын гишүүн Д.Ганбат даргалж, Хянан шалгах түр хорооны анхны хуралдаанаар Хянан шалгах түр хорооны даргыг сонгож,  Хянан шалгах түр хорооны даргыг сонгох тухай түр хорооны тогтоолын төсөл хэлэлцэх талаар танилцуулав. Хянан шалгах түр хорооны даргад нэр дэвшүүлэх саналтай гишүүдийн саналыг авахад УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, М.Оюунчимэг нар УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг нэр дэвшүүлсэн бол УИХ-ын гишүүн С.Ганбаатар өөрийн нэрийг дэвшүүллээ. Хянан шалгах түр хорооны даргад нэр дэвшигчдээс Хянан шалгах түр хорооны гишүүд асуулт асууж, хариулт авав. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, олон нийтийн анхаарлыг татсан асуудлаар УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Хянан шалгах түр хороо, иймд маш хариуцлагатай ажиллах ёстойг дурдаад, нэр дэвшигч УИХ-ын гишүүн Х.Нямбаатарыг Хянан шалгах түр хороог ахалсан тохиолдолд асуудалд УИХ-ын гишүүний хувиар хандах уу эсхүл Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувиар хандах уу, УИХ-ын гишүүн Б. Жаргалмаа, нүүрстэй холбоотой хэргийн хэдэн хувийг шийдвэрлэсэн гэж үзэж байгаа вэ, УИХ-ын гишүүн С.Ганбаатар нүүрстэй холбоотой өөрт байгаа мэдээллийг түр хорооны хуралдаанд нээлттэй ил тод мэдээлж, нээлттэй ажиллах эсэх, УИХ-ын гишүүн Т.Доржханд нэр дэвшигч УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг хараат бус байдлаар ажиллаж чадах эсэхийг тодруулан асууж, хариулт авав.

УИХ-ын гишүүдийн асуултад УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, миний бие УИХ-ын даргын захирамжаар УИХ-ын гишүүний хувиар Хянан шалгах түр хорооны гишүүнд томилогдсон. Хянан шалгах түр хорооны гишүүд Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хяналт шалгалтын ажлыг явуулах үүрэг хүлээж байгаа. Хууль тогтоомжийн хувьд зөрчилдөөнтэй зүйл байхгүй гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн Хянан шалгах түр хорооны дарга түр хорооны зохион байгуулалтыг л удирдаж явахаас бус, ганцаараа асуудал шийдэхгүй. Хянан шалгах түр хорооны гишүүд адил тэнцүү саналын эрхтэй оролцож, шинжээчээ сонгож, томилж, нотлох баримтуудаа шинжлэн судалж, нээлттэй хэлэлцүүлгүүдээ зохион байгуулна. Олон нийтэд далд байгаа мэдээллийг ил болгож, олон нийтийн хяналт дор тэдний хардаж буй асуудлуудыг ил болгоно. Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх ажлын хүрээ, мөрдөн шалгах үйл ажиллагаа хоёр бол тусдаа зүйл. Хууль зүй, дотоод хэргийн сайдын үндсэн чиг үүрэг бол бодлого тодорхойлж, бүтэц тогтолцоог боловсронгуй болгох юм. Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд хуулийн хүрээнд нүүрсний хэрэгтэй холбоотой мэдээллүүдийг авч байгаа. Энэ удаагийн УИХ-ын хийх ажлын томоохон хэсэг бол төрийн болон орон нутгийн өмчит компаниудыг засаглалынх нь хувьд цэгцлэх бөгөөд УИХ-ын намрын чуулганаар холбогдох хуулийг батлагдаасай гэж хүсэж байна. Энэ удаагийн сонсгол нь Төрийн өмчит компаниудыг цаашид алдаа дутагдал гаргахгүй байх тогтолцоог шинэчлэх, өмнө нь хийгдсэн бүх гэрээ хэлцлүүдийг олон нийтэд ил тод болгох явдал юм хэмээн хариуллаа.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар, олон нийтэд нийгмийн сүлжээгээр дамжуулан 27 асуудлаар хандаж мэдээлэл хүргэсэн, үүнээс нууцын зэрэглэлтэй хоёр асуудлыг олон нийтэд дэлгэж чадаагүй, миний хувьд нууцлаад байх шаардлагагүй гэж үзэж байгаа ч олон улсын гэрээ учраас хэм хэмжээ зөрчиж тухайн асуудлыг нийтэд мэдээлээгүй. Иймд нүүрстэй холбоотой өөрт байгаа мэдээллийг Хянан шалгах түр хороонд өгөхөө илэрхийлэв. Мөн түүнчлэн сөрөг хүчний хувиар Хянан шалгах түр хороог ахлан, ард түмний өмнө хариуцлага үүрье гэсэн үүднээс өөрийн нэрийг дэвшүүлснээ тодотгож, хараат бус байдлаар ажиллахаа илэрхийлсэн юм.

Хянан шалгах түр хорооны гишүүд нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авсны дараа Хянан шалгах түр хорооны даргад УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг нэр дэвшүүлснийг дэмжье гэсэн томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 55.6 хувь нь дэмжиж, Түр хорооны даргыг сонгох тухай УИХ-ын Хянан шалгах түр хорооны тогтоолыг баталснаар хуралдаан өндөрлөв.

Сэтгэгдэл бичих