Д.Трампыг шүүх хурлын товыг зарлажээ

оруулсан Алсын Хараа
ЛОНДОН./ВВС/. 2020 оны сонгуулийн дүнд нөлөөлөх зорилгоор хуйвалдаан зохион байгуулсан гэх хэрэгт холбогдоод буй АНУ-ын Ерөнхийлөгч асан Д.Трампыг шүүх хурал 2024 оны 3 дугаар сарын 4-нд болно. Энэ тухай уг хэргийг хянан шийдвэрлэж буй Холбооны шүүгч Таня Чуткан өнөөдөр мэдэгдлээ. “Энэхүү асуудлыг богино хугацаанд зөв шударгаар шийдвэрлэхийг шаардах эрх олон нийтэд бий” гэж тэрбээр хэлсэн байна.
Тусгай прокурор Жек Смитийн зүгээс уг шүүх хуралдааныг 2024 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр хийх санал гаргасан бол Трампын өмгөөлөгчид 2026 оны 4 дүгээр сар буюу Ерөнхийлөгчийн сонгууль болсноос хойш 17 сарын дараа явуулах хүсэлтээ илгээжээ.
“Шүүх хурлыг товлох нь шүүгдэгчийн мэргэжлийн үүрэг, үйл ажиллагаанаас хамаарахгүй тул ноён Трамп хурлын товыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй” гэж шүүгч мэдэгдээд, хурлыг хоёр жилээр хойшлуулах нь хэтэрхий урт хугацаа гэдгийг Трампын өмгөөлөгчдөд хэлсэн байна.
Трампыг дөрвөн зүйл ангиар, тодруулбал, хууран мэхэлсэн, албан ёсны дүрэм журмыг хэрэгжүүлэхэд саад учруулсан, иргэдийн эрхийг зөрчих зорилгоор хуйвалдаан зохион байгуулсан хэрэгт буруутгажээ.
Харин 2021 оны 1 дүгээр сарын 6-нд Капитолийн ордон дайрахад өөрийн дэмжигчдийг өдөөн турхирсан гэх хэрэгт Трампыг буруутгах шаардлагагүй гэж тусгай прокурор Жек Смит үзсэн байна. Ингэснээр Д.Трамп АНУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүсийн дотроос эрүүгийн татагдсан анхны хүн болж байна.
Өдгөө 77 настай тэрбээр БНН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх эрхийн төлөө өрсөлдөж байгаа бөгөөд нэр хүндийн чансаагаар бусад 8 өрсөлдөгчөөсөө хол илүү яваа юм. Ерөнхийлөгчийн сонгуульд БНН-аас нэр дэвшигчийг тодруулах сунгаа /праймериз/ ирэх оны 1 дүгээр сард эхлэх тул Трампыг шүүх хурал сунгаа ид өрнөж буй үед болох нь.
Түүнээс гадна, ирэх оны 3 дугаар сарын 25-нд порно жүжигчинд мөнгө төлөхдөө санхүүгийн луйвар хийсэн хэргээр Трампыг шүүх хурал, мөн 5 дугаар сард нууц баримт бичгүүдийг хууль бусаар хадгалж байсан гэх хэргийн шүүх хурал тус тус болно. Харин Жоржиа муж улсад 2020 онд болсон сонгуулийн дүнг хүчингүй болгохоор оролдсон гэх Трамп ба бусад 18 хүнд холбогдох хэргийн шүүх хурал хэзээ болох нь тодорхойгүй байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ"  агентлаг

Сэтгэгдэл бичих