ЛОНДОН./ВВС/. Жилийн өмнө шатрын ертөнцөд дэгдсэн дуулиан шуугиан намжиж, түүнд холбогдсон талууд бие биедээ ямар нэгэн гомдолгүй гэдгээ мэдэгджээ.
Шатрын спортын маш хурдан өсөн дэвжиж буй од Ханс Ниманн өөрийг нь луйвар хийсэн гэж буруутгаж буй дэлхийн аварга Магнус Карлсен, шатрын Сhess.com цахим хуудас болон шатрын стример Хикару Накамура нараас 100 сая доллар нэхэмжилсэн гомдлыг өнгөрсөн онд шүүхэд гаргасан билээ.
Учир нь, өнгөрсөн оны 10 дугаар сард нийтэлсэн 72 хуудас бүхий Chess.com цахим хуудасны тайланд дурдахдаа, Ниманн 2015-2020 онд болсон онлайн тэмцээнүүдийн үеэр луйвар хийсэн гэж түүнийг буруутгасан боловч үүнийг нотлох баримтыг тайланд тусгаагүй байв.
Ниманны гомдлыг Америкийн шүүх хүлээж аваагүй бөгөөд даваа гарагт Сhess.com мэдэгдэхдээ, талууд бие биенийхээ эсрэг гомдлыг татаж авахаар тохиролцсныг мэдээлсэн юм. Үүний дараа Ниманн “Сhess.com-д эргэн ирж байгаадаа баяртай байна” гэж мэдэгджээ.
Болсон явдлын тухайд, 19 настай Ханс Ниманн 2022 онд болсон Синкфилдийн цомын тэмцээнд дэлхийн аварга, Норвегийн шатарчин Магнус Карлсенийг ялсны дараа дээрх дуулиан шуугиан дэгдсэн аж. Хожигдсон Карлсен тэмцээн дуусахад 6 өрөг дутуу байх үед тэмцээнийг гэнэт орхин явжээ. Долоо хоногийн дараа хоёр өрсөлдөгч өөр нэгэн онлайн тэмцээнд учраа таарч, Карлсен ганцхан нүүдэл хийнгүүтээ хожигдсоноо хүлээн зөвшөөрчээ. Энэ нь Ниманны булхайтай үйлдэл ба түүнийг тэмцээнд оруулсныг эсэргүүцсэн хэрэг байлаа. Тухайн үед Карлсений ярьснаар, сүүлийн жилүүдэд Ниманн “ер бусын их амжилт олж байгаа” нь түүнд хардах сэтгэлийг төрүүлж байжээ. Учир нь, Синкфилдийн цомын тэмцээний үеэр Ниманн хараар тоглож байгаа хэрнээ тоглолтондоо анхаарлаа бүрэн төвлөрүүлэхгүй байсан бөгөөд Карлсенийг хожсон аж. Дэлхий дээр маш цөөн тооны шатарчид л хараар тоглож дэлхийн аварга хүнийг хожих боломжтой гэнэ.
Харин Ниманн хэлэхдээ, 16 настай байхдаа чансаагаа ахиулахын тулд Chess.com дээр тоглож байсан зарим өрөг дээр “бага зэргийн булхай” хийж байсан гэдгээ хүлээн зөвшөөрсний зэрэгцээ жинхэнэ тэмцээн дээр хэзээ ч ийм үйлдэл хийж байгаагүй хэмээн үгүйсгэжээ.
Шатрын тэмцээний үеэр булхай луйвар хийх нь тийм ч шинэ зүйл биш бөгөөд ухаалаг гар утас гарч ирснээр асуудал бүр хүндэрсэн байна. Үнэгүйгээр татаж болдог шатрын аппликейшнүүд нь дэлхийн шилдэг шатарчдыг хожиж чаддаг болсон бөгөөд нүүдлийг программд оруулснаар компьютер маш богино хугацаанд “төгс хариу нүүдлийг” олдог байна. Иймээс тэмцээний үеэр биедээ гар утас авч орохыг хориглох болжээ. Гэвч зарим шатарчид хөлөндөө гар утсаа уяж тогтоогоод, маш жижиг микрофоныг ашиглан “төгс зөв нүүдлийг” хийдэг аргыг бодож олсон байна.
Энэ мэтчилэн гар утас ашигласан луйвар газар авсан тул шатарчдын эцэг эхчүүд, дасгалжуулагчдыг тоглолт болж буй танхимд оруулахыг хориглох болжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцажмэ" агентлаг