"Вагнер"-ын тэргүүн Евгений Пригожиний сууж явсан онгоц осолдож, дотор нь байсан 10 хүн бүгд амиа алдсан. Энэ явдлын дараа онгоцонд үнэхээр Пригожин байсан эсэх талаар олон нийт хэлэлцэж байв.
Тэгвэл нас барагсдын дунд Пригожин байсан гэдгийг ДНХ-ийн шинжилгээгээр баталсан гэж Оросын албаныхан өчигдөр /2023.08.27/ мэдэгдлээ. "Молекул генетикийн шинжилгээний дараа нас барсан 10 хүнийг 10-ууланг нь хэн болохыг тогтоосон. Тэд нислэгийн хуудсанд заасан нэрсийн жагсаалттай тохирч байгаа" гэж Мөрдөн байцаах хороо мэдэгджээ.
Дмитрий Уткин, Валерий Чекалов тэргүүтэй Пригожиний хамгийн итгэлтэй туслахууд түүнтэй хамт явсан. Дмитрий Уткин нь Пригожиний баруун гар гэдгээрээ танигдсан бол Валерий Чекалов нь "Вагнер"-ын логистикийн дарга юм.
Санкт-Петербургийг чиглэж явсан хувийн онгоц Москвагаас хойд зүгт 100 хүрэхгүй км-ийн зайд осолдсон. Энэ үйл явдлыг "Вагнер"-ын бослогын төлөөх Путины өшөө авалт гэж таамаглаж байсан ч Кремль үүнийг үгүйсгэжээ. Путин Пүрэв гаригт Пригожиний үхэлтэй холбоотойгоор мэдэгдэл хийхдээ түүнийг "Газрын тос, хий, үнэт метал, үнэт чулууны салбарт авъяаслаг бизнес эрхлэгч байсан" гэж тодорхойлсон. Мөн амьдралдаа олон ноцтой алдаа хийсэн ээдрээтэй хувь тавилантай хүн гэжээ.
Пригожинийг нас барсны дараа Путин "Вагнер" тэргүүтэй хөлсний цэргийн бүлгүүдийг төрийн хатуу хяналтад оруулахыг тушаасан. Тодруулбал, "Вагнер" болон бусад хөлсний цэргий компанийн дайчдыг Оросын төрд үнэнч байх тангараг өргөхийг тушаажээ.
Эх сурвалж: NBC NEWS