Нислэгийн өвлийн цагийн хуваарийг баталлаа

оруулсан Алсын Хараа

ИНЕГ гадаад, дотоодын агаарын тээвэрлэгчдээс ирүүлсэн нислэгийн хүсэлтийг хэлэлцээд, өвлийн улирлын хуваарьт нислэгийн цагийн хуваарийг энэ оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд баталлаа.

Олон улсын хуваарьт хөөрөлт, буултын нислэгийн цагийн хуваариар 2023-2024 оны өвлийн улиралд дотоод, гадаадын нийт агаарын 14 тээвэрлэгчийн нислэгийг 19 чиглэлд төлөвлөжээ. Нийт төлөвлөсөн нислэгийг цар тахлын өмнөх үе буюу 2019 онынхтой харьцуулахад 35.5 хувиар, 2022 оныхтой харьцуулахад 61.5 хувиар нэмэгдсэн байна. Үүнээс “МИАТ” ТӨХК-ийн нислэг өмнөх оныхоос 133.3, Аэромонголиа ХХК-ийн нислэг 13 хувиар өссөнийг ИНЕГ мэдээлэв.

2023-2024 оны өвлийн улирлын нислэгийн төлөвлөлтийг өнгөрсөн өвлийн улирлынхтай харьцуулахад ОХУ-ын Красавиа, Ираэро Эйрланс, БНСУ-ын Чежү Эйр, БНСВУ-ын VietJet Air компани шинээр нэмэгдсэн байна. Мөн Вьетнам Улсын НаТранг, БНХАУ-ын Манжуур, Хайлаар чиглэлд шинээр нислэг үйлдэхээр төлөвлөгдсөн.

“МИАТ” ТӨХК нь нийт 10 чиглэлд, үүнээс шинээр ХонгКонг, Бээжин, Пукет, Москва чиглэлд, Хүннү Эйр ХХК нийт 3 чиглэлд, үүнээс шинээр Хайлаар, Манжуур чиглэлд нислэг үйлдэхээр төлөвлөж байна. 2022-2023 оны өвлийн улиралд дээрх агаарын тээвэрлэгчид эдгээр чиглэлд нислэг үйлдэж байгаагүй аж.

Харин орон нутагт агаарын 2 тээвэрлэгчийн нислэг төлөвлөсөн бол МИАТ ТӨХК Дорнод, Ховд, Говь-Алтай, Увс, Завхан, Баян-Өлгий, Хөвсгөл, Өмнөговь аймгийн Даланзадгад, “Аэромонголиа” ХХК Баян-Өлгий, Ховд, Хөвсгөл чиглэлд нислэг үйлдэхээр орон нутгийн хуваарьт нислэгийн цагийн хуваарь баталжээ.

Сэтгэгдэл бичих