Энэтхэгийн Чандраяан-3 хөлөг өнөөдөр орой сарны гадаргуу дээр судалгааны станц буулгах оролдлого гүйцэтгэхээр төлөвлөжээ.
Энэхүү түүхэн үйл явдлаас өмнө тус хөлгийн камераар авсан сарны гадаргын зургийг Энэтхэгийн Сансар Судлалын Байгууллага өчигдөр олон нийтэд үзүүлсэн байна.
Чандраяан хөлгийн станц буулгах ажиллагаа өнөөдөр Улаанбаатарын цагаар 20:15 цагт эхлэхээр төлөвлөгджээ.
Энэтхэгийн эрх баригчид уг ажиллагааны дүрсийг 30 минутын өмнөөс шууд дамжуулж эхлэх юм байна.
Хэрвээ амжилттай болбол хүн төрөлхтөн зохион бүтээсэн техникээ дэлхийн дагуулын өмнөд туйлд анх удаа буулгасан тохиолдол болно. Бас Энэтхэг улс саран дээр бууж чадсан дөрөв дэх улс болж, АНУ, Зөвлөлт Холбоот Улс, Хятадын дараа түүхэнд нэрээ бичүүлэх юм.
Одоо Чандраяан-3 хөлөг сарны гадаргаас хэдхэн километрийн өндөрт хүрээд байгаа. Нэр нь санскрит хэлээр “Сарны машин” гэсэн утгатай Чандраяан хөлгийг долдугаар сарын 14-ний өдөр Энэтхэгийн Андра Прадеш мужийн Сатиш Даван Сансрын Төвөөс хөөргөсөн юм.
Өнгөрсөн хугацаанд хөлөг сарны гадаргууд алгуур ойртсоор байгаа. 2019 онд Энэтхэг улс Чандраяан-2 хөлгийг саран дээр буулгах анхны оролдлогыг хийсэн нь техникийн доголдлын улмаас амжилтгүй болж байв.
Эх сурвалж: CNN