/ВВС/. “L’Italiano” хит дуугаараа алдаршсан Италийн дуучин, дууны үг зохиогч-яруу найрагч Тото Кутуньо удтал хүндээр өвчилсний эцэст Милан хотын Сан-Рафаэль эмнэлэгт 80 насандаа нас барсан тухай түүний менежер Данило Манкузо мэдэгдлээ.
Түүний бүтэн нэр нь Сальваторе Кутуньо бөгөөд тэнгисийн цэргийн флотод алба хашиж, цэргийн үлээвэр хөгжимд труба хөгжим тоглодог байсан эцэг нь бяцхан Сальваторег хөгжмийн урлагтай анх танилцуулжээ.
Тэрбээр 13 наснаасаа хөгжмийн уралдаануудад оролцож эхэлсэн бөгөөд удалгүй өөрийн гэсэн Toto ei Tati гэдэг нэртэй хамтлагийг байгуулж, бөмбөрчнөөр тоглох болов. Хамтлаг нь ихэд амжилт олсон тул дуу бичлэгийн Carosello Records гэдэг томоохон студитэй гэрээ байгуулжээ. Тэрбээр Albatros гэдэг шинэ хамтлагийн гоцлол дуучнаар Сан-Ремогийн наадамд анх удаа оролцов. Улмаар 1977 онд Майк Бонжорногийн хамт Donna Mia гэдэг дууг дуулсан нь түүнд жинхэнэ ёсоор алдар нэрийг авчирлаа.
Дуулахын зэрэгцээ тэрбээр Жонни Холлидэй, Далид зэрэг алдартай дуучдад зориулан дуу зохиож байв. Жишээ нь, Адриано Челентаногийн дуулсан Soli гэдэг дуу нь хит парадыг олон сарын турш тэргүүлжээ.
1980 онд Кутуньо Сан-Ремод эргэн ирж, Solo noi гэдэг дуугаа дуулсан нь хит парадын хоёрдугаарт бичигдэв. 1990-ээд оны үед түүний амжилтын буухиа үргэлжилсээр Загребт болсон "Евровидение" уралдаанд Insieme дуугаараа түрүүллээ.
Үүнээс хойш түүний уран бүтээлийн замнал гайхам амжилттайгаар үргэлжилсээр, олон улс орноор аялан тоглолт хийсээр байлаа. 2007 онд болсон нэгэн аялан тоглолтын тэрбээр түрүү булчирхайн хорт хавдар туссан нь оношлогдсон боловч уран бүтээлээ үргэлжлүүлсээр байв.