БСШУ-ы сайд Л.Энх-Амгалан өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэрбээр энэ үеэр “Өнөөдөр ерөнхий боловсролын сургуулиуд 6000 суралцагчтай байх болсон байна. Энэ тохиолдолд боловсролын чанарын асуудлыг ярих бололцоогүй. Иймд МУИС, ХААИС, ШУТИС зэрэг их сургуулийг дагасан төрөлжсөн ахлах сургуулиудыг зохион байгуулах ажлыг эхлүүлж байна. Энэ нь зөвхөн Улаанбаатар хотод хэрэгжих хувилбар биш, Баян-Өлгий, Завхан, Дархан гэхчлэн орон нутагт үйл ажиллагаагаа явуулж буй их сургуулиудад энэ хувилбарыг хэрэгжүүлэх бололцоотой. Энэ нь зөвхөн төрийн өмчийн сургуулиудад хамааралтай байх болно.
Үүний зэрэгцээ сургуулийн зориулалтын бус барилгыг худалдан авч, сургуулийн зориулалттай болгож өөрчлөх ажлыг ирэх оны төсөвт суулгахаар ажиллаж байна. Нийслэлээс 500 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргаж буй. Үүний 100 тэрбум төгрөгийг боловсролд буюу сургууль цэцэрлэгийг барилгын ажлыг дуусгахад чиглүүлнэ" гэлээ.
Салбарын сайд мөн үеэр хэлэхдээ хичээлийн шинэ жил эхлэхийн өмнө Боловсролын үндэсний зөвлөлийг байгуулсан. Энэхүү байгууллагыг Ерөнхий сайд ахалж ажиллана. Түүнчлэн энэ хичээлийн жилээс МСҮТ-ийн тогтолцоо шинэчлэгдэж, статусын хувьд Мэргэжлийн боловсролын сургууль болж өөрчлөгдөж буй. Үүний зэрэгцээ 330 сумын сургууль 12 дугаар ангийн тогтолцоотой байх албагүй гэсэн юм.