/Reuters/. “Хилари” шуурганы нөлөөгөөр хүчтэй аадар бороо орсны улмаас Өмнөд Калифорни болон АНУ-ын баруун өмнөд нутагт гудамжууд усанд автаж, цахилгааны шугам эвдэрч сүйджээ. Харин хүний амь нас эрсэдсэн тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд их хэмжээний хохирол учрах вий гэсэн айдас намжиж байна.
Мексикийн ойролцоо хар салхи болж хувирсан шуурга хойд зүгийг чиглэж байгаа тул хүн ам ихтэй Өмнөд Калифорнид үд дундын үед борооны үүл арилж, тэнгэр цэлмэж байна гэж Үндэсний цаг уурын албанаас мэдээлжээ.
“Хилари”-гийн нөлөөгөөр Невада, Юта муж улсууд болон баруун хойд нутагт аадар бороо орох төлөвтэй байгаа бөгөөд 4 сая гаруй хүн даваа гарагийн шөнө хүртэл үерийн аюулд өртөх эрсдэлтэй байгааг албаныхан сэрэмжлүүлсэн байна.
Цаг уурчид Лас-Вегасаас баруун хойд зүгт орших бүс нутагт даваа гаргийн үдээс хойш үер усны аюул нүүрлэж, гол мөрний дагуу амьдардаг хүмүүсийн амь насанд аюул учирч болзошгүйг анхааруулжээ.
Сүүлийн 70 гаруй жилийн хугацаанд Өмнөд Калифорнийг дайран өнгөрсөн анхны халуун орны шуурга болох “Хилари”-гийн улмаас хүний амь нас эрсэдсэн, гэмтэж бэртсэн тохиолдол гараагүй байна. Шуурга нэг шөнийн дотор циклон болсноор аюулын түвшин буурчээ.“Калифорничууд засаг захиргааны зөвлөмжийг сонсож, өөрсдийгөө, гэр бүлийнхнийгээ хамгаалахын тулд шаардлагатай бэлэн байдлын арга хэмжээг авч чадлаа” гэж Онцгой байдлын албаны дарга Дин Крисвелл сэтгүүлчдэд мэдээлжээ.
АНУ-ыг дайран өнгөрөхөөс өмнө уг шуурга Мексик дэх Баха Калифорнийн хойгийг дайрсны улмаас нэг хүн амиа алдаж, үерийн улмаас авто замууд эвдэрч сүйдсэн байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг