Мягмар гарагт ОХУ-д шинэ төрлийн “коронавирус”-ийн халдвар авсан 501 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь өнөөдрийг хүртэлх хамгийн өндөр өсөлтөд тооцогдож байна. Тус улсад халдварын нийт тохиолдлын тоо 2337 хүрээд байгаа юм.
“COVID-19”-ийн тархалт газар авч байгаатай зэрэгцээд ОХУ-ын Төрийн Дум цар тахалтай холбоотой арга хэмжээний хуулийн төслийг баталлаа. Үүнд шинэ төрлийн “коронавирус”-тэй холбоотой худал мэдээлэл тараасан тохиолдолд оноох ял шийтгэлийн талаар тодорхой заасан байна. Тухайлбал: хууль зөрчсөн нь хоёр ба түүнээс дээш тооны хүний амь настай холбоотой үр дагавар үзүүлсэн бол долоо хүртэлх жилийн хорих ял онооно гэж тусгажээ. Үүний зэрэгцээ хөл хорионы журмыг зөрчсөн хүмүүст хатуу шийтгэл оноох заалт багтсан байна.
ОХУ-ын нийслэл Москва хотод даваа гарагаас эхлэн хөл хорио тогтоосон юм. Тус хотын оршин суугчдыг зөвхөн хүнс, эм худалдан авах, хогоо хаях, мөн нохойгоо салхилуулах тохиолдолд л гадагш гарахыг зөвшөөрч байгаа юм. Москва хотын ихэнх албан байгууллага үүдээ бариад байна.
Үүнтэй адил журам ОХУ-ын 30 гаруй бүс нутагт мөн адил хэрэгжиж байгаа аж. Хүний эрхийг хамгаалагч зарим нэг идэвхтнүүд орон даяар онц байдал зарлаагүй үед хөл хориог ийм хатуу журмаар хэрэгжүүлэх нь хуульд нийцэхгүй гэж шүүмжилж байна. Хэдий тийм боловч Төрийн Думын баталсан хуулийн хүрээнд онц байдал зарлах эрх мэдлийг Засгийн газарт олгожээ.