Үргэлжлэн орсон борооны улмаас нийслэл дундуур урсдаг Сэлбэ, Туул, Дунд гол үерийн түвшинд хүрсэн. Гол дагуух зарим хэсэг усанд автаж, Сэлбэ голын далан нь зарим газраараа сэтэрч орон сууцны доод давхрууд усанд автаад буй. Олон нийт үүний буруутныг Голын голдирлыг шахаж “S Outlets” дэлгүүрийн барилга барьсан, "Ривер Вилла" гэгч хотхон барьсан явдал, мөн дунд голын урсацыг сааруулж байгаа “Усан парк” буюу “Авлига хороолол” гэгч барилга гэж үзэж буй.
Өчигдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон УОК, НОК-ын удирдлагуудад ч газар дээр үзэж, танилцан ийн дүгнэсэн юм. Тодруулбал Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ Үер усны далан, суваг, шуудуу хааж газар олгосон, барилга барьсан, холбогдох зөвшөөрөл олгосон албан тушаалтнуудыг АТГ болон холбогдох хууль, хяналтын байгууллагад яаралтай өгч шалгуулах, шаардлагатай тохиолдолд барилгыг нураах, мөн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг аймаг, нийслэл, дүүрэг, орон нутгийн удирдлагууд олгодоггүй байх хууль санаачлах үүргийг УОК, НОК-ын удирдлагуудад өгөв.
Үүний дараа "Авлига хороолол" буюу AQUA Garden төслийг хэрэгжүүлж буй “М Энд Жи констракшн” ХХК-ий захирал н.Амарбаясгалан гэгч этгээд гэнэт мэдэгдлээ нийгмийн сүлжээнд байршуулав. Мэдэгдлийн бараг тал хувьд нь ямар учиртайг бүү мэд, УИХ-ын гишүүн Г.Дамдинням руу утга учиргүйгээр дайран ханхалзлаа.
Харин мэдэгдлийнхээ сүүл хэсэгт: “ 1960 оны сансрын зургийг олоод хэн ч харж болно. Өнөөдөр Дунд голын голидролыг буй “М Энд Жи констракшн” компани болоод өөр хэн нэгэн нэг мм, нэг см ч өөрчлөөгүй. Байгаль өөрөө урсаад яваад, байгаль өөрөө зохицуулаад ирсэн тэр голидрол яг л тэр хэвээрээ байгаа. Гэтэл голын голидрол өөрчиллөө, голын голидролыг боож, хааж, үерийн далан барилаа гэж сийх ч үгүй худлаа мэдээлэл цацлаа. 2011 онд Дунд, Сэлбэ гол дээр үерийн далан барьсан. Ингэхдээ нэг ч голын далан руу орсон зүйл байхгүй ээ... Өмнө нь манай компаний эзэмшил газар дээр үерийн ус орж ирсэн зургийг сошиалаар сэвээд байна лээ. Энэ ямар учиртай юм гэхээр 2015 оноос Замын Цагдаагийн призер дээр баригдсан олимпийн гүүр буюу шинэ гүүрний ажил баригдахтай холбоотой ажлаар шинэ гүүрийг бүхэлд нь хаасан. Ингэхэд Энхтайвны гүүрний нэвтрэх чадал бага учраас дахин нэг зам яаралтай хэрэгтэй гээд “М Энд Жи констракшн” компаний төсөл хэрэгжүүлж байгаа усан паркийн хэсэг дээгүүр Соёмботой хөшөөнөөс Нарны зам орох хэсгийг сэтэлж, дундуур нь түр зам барьсан юм. Зам барихдаа хоёр том алдаа гаргасан. Нэгдүгээрт, усны урсацыг боогдуулах, хэвийн урсацыг нь алдагдуулахаар маш жижиг хэмжээний хоолой түр тавьсан. Энэ хоолой нь усыг бүрэн нэвтрүүлж чадахгүй учраас ус хальсан, халихдаа үерийн даланг нь дундаар нь сэтэлчихсэн учраас үерийн ус давж орсон юм. Тэгэхээр худлаа эвлүүлсэн бичлэг явуулаад, AQUA Garden хотхон руу ус орж байгаа мэтээр иймэрхүү зүйл тараахаа та бүхэн болино уу?” гэсэн юм.
Энэ бичлэг нийгмийн сүлжээнд тавигдсан цагаасаа иргэдийн бухимдал, эгдүүцлийг ихэд хүргэв. Энэ бүхний ард юу болж байгаа вэ?
Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ шаардлагатай тохиолдолд барилгыг нураах үүргийг иргэдэд өгсний дараа тус хотхоны захиалагчид сандралдаж эхэлжээ. Учир нь үер, наадмын дараа уг барилгыг нурааж магадгүй улс төрийн нөхцөл байдал үүссэн тул мөнгөө эртхэн олж авья гэж хэн ч гэсэн бодох нь аргагүй. Мөн тус компаний захирал гэх үл таних залуугийн хэрэглэгч, захиалагчиддаа хандах, тэдний эрхийг хамгаалах гэхээсээ илүү хэт улс төржсөн, УИХ-ын нэр бүхий гишүүн рүү дайрсан тэнэгдүү мэдэгдэл “AQUA Garden” төслийн захиалагчдийн эргэлзээг нэг мөр болгожээ. Одоо тус төслийн маш олон захиалагч “М Энд Жи констракшн” компанитай байгуулсан орон сууц захиалгын гэрээгээ цуцалж эхэлсэн байна.
Э.Батаа