Их спортын дэвжээнд амжилтаа тунхаглаж яваа тамирчин цөөнгүй бий. Тиймээс “Зууны мэдээ” сонин “Амжилтын эзэн” буландаа чөлөөт бөхийн ОУХМ, үндэсний шигшээ багийн тамирчин З.Занабазарыг урилаа.
-Та сүүлд оролцсон тэмцээнийхээ талаар хуваалцахгүй юу?
-Өнгөрсөн сард Киргиз Улсын нийслэл Бишкек хотод болсон U17 насны Азийн аварга шалгаруулах 57 кг-д зодоглоод ирлээ. Тэмцээнээс өмнө сарын хугацаанд АНУ-д хамтарсан бэлтгэлд хамрагдсан. Өөрийн бодож байсан барилдаанаа гаргаж чадаагүй ч алдаанаасаа суралцсан шүү.
-Өнгөрсөн онд ДАШТ-ий хүрэл медалийг эх орондоо авч ирсэн. Тухайн үед таны 57 кг-ийн жинд олон тамирчин өрсөлдсөн юм билээ?
-Гаргасан амжилт бүр минь үнэ цэнтэй санагддаг. Дэлхийн аваргын хүрэл медаль сайхан. Тус тэмцээн Серби улсын нийслэл Белград хотод болсон ба 50 гаруй орны шилдэг тамирчид оролцсон юм. Манай жинд 33 тамирчин өрсөлдсөн. Хүрэл медалийн төлөө Хятадын туршлагатай тамирчинтай учраа таарч ялсан.
-Тамирчдын хувьд анхны тэмцээн нь үнэ цэнтэй байдаг. Та анхны оролцсон тэмцээнийхээ талаар дурсаач?
-Анх Монгени цогцолборын нэрэмжит өсвөрийн тэмцээнээс 2009 онд хүрэл медаль хүртсэн. Үүнээсээ их урам авч билээ. Би 2007 оноос чөлөөт бөхийн спортоор хичээллэж эхэлсэн. Тэмүүжин спорт сургалтын төвд Ц.Гантөгс, И.Моломжамц багш нарынхаа удирдлага дор бэлтгэл хийсэн. Аав болон авга ах нар маань барилддаг. Авга ах маань аймгийн заан н.Ганболд гэж хүн бий. Мөн ээжийн аав маань ч сайхан биетэй, барилддаг хүн байсан юм билээ. Энэ сайхан хүмүүсийн үргэлжлэл болж барилдаж яваадаа талархдаг. Тиймээс дүү бид хоёрыг барилдуулна гээд Өмнөговь аймгаас хот руу шилжиж орж байлаа. Энэ үеэс л бөхийн спортод эргэлт буцалтгүй орсон.
-Удахгүй олимп болно. Тамирчин хүний мөрөөдөл цэнгэлийн манлайд хүрэх байх?
-Би багагүй хугацааг чөлөөт бөхөд зориуллаа. Тиймээс тамирчин хүний гол зорилго олимп дэлхийн аваргат өндөр амжилт гаргах. Миний хувьд одоогоор энэ жилийн ДАШТ-д оролцохоор бэлтгэлдээ шамдаж байна. Энэ тэмцээнд амжилт гаргаж олимпын эрхээ авах нь чухал. Ойрын зорилго гэвэл Олимпын оноо олгох тэмцээн Унгар улсад энэ сарын 9-нд болно. Тус тэмцээнд амжилттай оролцоод эрэмбээ ахиулахыг хичээж байна. Тухайн тэмцээнд тамирчид өөрсдөө зардалаа гаргаж явдаг. Манай улсаас 10 тамирчин явна. Жин бүрт амжилтаараа тэргүүлж буй эхний дөрвөн тамирчин зоондоо ордог. Тиймээс их хариуцлагатай байх хэрэгтэй. Би жиндээ дэлхийд гуравт эрэмбэлэгдэж байна.
Баатарын НЯМСҮРЭН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин