Монголын Эдийн Засгийн чуулган 2023 наадмын өмнөхөн буюу энэ сарын 9, 10-ны өдрүүдэд болох гэж байна. Монгол Улсын Засгийн газар аялал, жуулчлалын салбарыг тэргүүлэх чиглэлээр зарлаж, 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан энэ жилийн эдийн засгийн чуулганыг намар биш зун буюу яг наадмын өдрүүдэд зохион байгуулахаар өнгөрсөн хоёрдугаар сарын 20-ны Засгийн газрын хуралдаанаараа шийдвэрлэсэн байдаг. Тэр ч утгаараа гаднын нэр нөлөө бүхий томоохон байгууллагуудын төлөөллийг урьж авчрахаар хичээсэн бөгөөд Монголын Засгийн газрын хувьд Оюутолгой төслийн хамтрагч Рио Тинто групп үүн дээр гар бие оролцжээ.
Дэлхийд зэсийн хамгийн том уурхайнуудаас дээрээсээ дөрөвдүгээрт орох том уурхайг байгуулж байгаа хамтрагчид болох Монгол Улс болон Рио Тинто групп өнгөрсөн гуравдугаар сард гүний уурхайгаа сүр дуулиантай нээсэн билээ. Тиймээс олон улсад энэхүү төсөл хэрэгжиж байгаа Монгол Улсын Эдийн Засгийн чуулга уулзалтад Рио Тинтой компанийн хамтрагчид, олон жилийн итгэлтэй түншүүд нь ирж байгаа юм байна. Дэлхийд 150 жилийн турш томоохон тоглогч байсан Рио Тинтогийн хамтрагчид ч томоохон хөрөнгө оруулалтын компани, банкууд байх нь тодорхой. Тухайлбал, JP Morgan, Goldman Sachs, Morgan Stanley, CITI, Barclays, HSBC гээд дэлхийн топ 45 байгууллагаас зочид төлөөлөгч ирэх ажээ.
Монголчууд гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтарч, мега төслүүдийг хэрэгжүүлж чаддаг гэдгийг Рио Тинтогийн хөрөнгө оруулалттай Оюутолгойн төслөөр баталж харуулж чадсан учраас гаднынхан нэг талаас сонирхон ирж байна.
Дэлхийн 35 улсад 60 гаруй төсөл хэрэгжүүлдэг дэлхийн хэмжээний том групп Рио Тинтогийн Төлөөлөн Удирдах Зөвлөл, Гүйцэтгэх удирдлагын баг бүрэн бүрэлдэхүүнээрээ анх удаа Монголд энэ форумын үеэр мөн ирж байгаа ажээ. Рио Тинто группийн хувьд зэсийн үйлдвэрлэл маш бага хувьд нь тооцогддог салбар бөгөөд зэсээс гадна бүх группийн захирлууд Монголд ийнхүү айлчлан ирж байна.
Тэд энэхүү Эдийн Засгийн чуулга уулзалтад ач холбогдол өгч байгаа нь Монголд амжилттай хэрэгжүүлж буй Оюу толгойн төслөө олон улсад сурталчлах, түүгээр дамжуулан Монголыг хөрөнгө оруулагчдад таниулах зорилготой байж таарна. Монголчууд бид ч энэ боломжийг алдалгүй ашиглах нь чухал. Сүүлийн арван жил ийм хэмжээний зочид төлөөлөгчид ирж байгаагүй, уриад ч тоож ирэхээ байгаад удсан байсан билээ.
Одоо Монгол Улс итгэл даах хамтрагч гэдгээ харуулж, ирсэн гаднын зочдодоо монгол наадмаа сонирхуулж, санхүүгийн хувьд найдвартай түнш гэдгээ харуулах үе ирээд байна.