/Hindustan Times/. Иран улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ бүрэн эрхт гишүүн боллоо. Энэ тухай шийдвэрийг Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди мягмар гарагт тус байгууллагын гишүүн орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалтад үг хэлэхдээ мэдэгджээ.
Иран улс ШХАБ-ын ес дэх гишүүн болж буй. 2022 оны есдүгээр сард Самарканд хотноо болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Иран улс тус байгууллагад элсэх үүрэг амлалтын тухай санамж бичигт гарын үсэг зурсан юм.
Шинэ-Дели хотноо болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад тус байгууллагын бүх гишүүн орны удирдагчид оролцсон байна. Беларусь, Иран, Монгол Улс ажиглагчийн статустайгаар уригджээ. Дээд хэмжээний уулзалтад Туркменстан улс зочноор оролцов. Мөн тус байгууллагын хоёр байгууллага болох ШХАБ-ын Нарийн бичгийн дарга нарын газар, ШХАБ-ын терроризмтой тэмцэх бүс нутгийн бүтцийн тэргүүн нар оролцсон байна. Түүнчлэн Зүүн өмнөд Азийн орнуудын холбоо, Евразийн эдийн засгийн холбоо, Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага, НҮБ, Ази дахь хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал, Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн гишүүн орнуудын удирдагчид уригджээ.
Уулзалтын дараа ШХАБ-ын удирдагчид Шинэ-Делигийн тунхаг бичигт гарын үсэг зурав.