Канадад 8.4 сая га ой шатжээ

оруулсан Алсын Хараа

ОТТАВА. /CBC/. Он гарснаас хойш Канадад 8.4 сая га oй түймэрт сүйдэж, асаж байгаа түймрийн голомтын тоо 590-д хүрсэн гэж байгууллага хоорондын ойн түймрийн төв даваа гарагт мэдээлжээ.

Тус байгууллагаас мэдээлснээр, гал түймэртэй тэмцэгчид 590 түймрийн 289-ийг нь хараахан хяналтдаа аваагүй байна. Зургаадугаар сарын сүүлчээр улсын хэмжээнд 420 гаруй түймрийн голомт бүртгэгджээ. Одоогийн байдлаар хамгийн олон түймрийн голомт Альберта, Британийн Колумб, Квебек, Онтарио мужуудад асаж байна.

Канадад гарсан ойн түймрийг унтраахад Австрали, Испани, Коста-Рика, Мексик, Шинэ Зеланд, Португал, АНУ, Франц, Чили, Өмнөд Африк зэрэг орны 1800 орчим гал сөнөөгч оролцож байна. Үүнээс гадна, Канадын зэвсэгт хүчний анги нэгтгэлүүдийг дайчилжээ. Түймрийн голомтуудад нийтдээ 5000 орчим хүн ажиллаж байна.

Сэтгэгдэл бичих