Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээв. Монголын соёл, урлагийн салбарт авьяас билэг, хөдөлмөр бүтээлээ олон жил зориулж, хөгжмийн урлагт туульсын төрлийн шинэ урсгал чиглэл гарган, орчин цагийн рок поп хөгжмийг хөгжүүлэх, шинэ залуу авьяаслаг уран бүтээлчдийг бэлтгэхэд идэвх санаачилгатай ажиллаж байгаа Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Лхагвадоржийн Балхжавын эх орон, тусгаар тогтнолын үнэ цэнийг таниулах, их түүх, өв соёлыг түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан “Амин хайрын эх орон”, “Бурхан эх орон”, “Миний Монголын наадам” хөгжмийн бүтээлд Монгол Улсын Төрийн шагнал хүртээв.
Мөн анагаах ухааны салбарт цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг нэвтрүүлэн нутагшуулж, цусны өвчний оношилгоо, эмчилгээний чанар, хими эмчилгээний протоколыг олон улсын түвшинд ойртуулж цус судлал, удам зүй, молекул биологи, лаборатори, дархлаа судлал, эмгэг физиологи зэрэг салбарын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан анагаахын шинжлэх ухааны салбарын эрдэмтэн, эмч нарын туурвисан “АЛЛО болон АУТО цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг Монгол Улсад нэвтрүүлсэн үр дүн” бүтээлд Монгол Улсын Төрийн шагнал хүртээлээ.
Төрийн шагналыг Судалгааны багийн ахлагч, Ардын эмч, доктор, дэд профессор Норовын Оюундэлгэр, багийн гишүүн Анагаах ухааны доктор, клиникийн профессор Батсүхийн Хишигжаргал, Тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор Сүхбаатарын Мядагсүрэн, Тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор Аюурзанын Нансалмаа, Тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор Жигжидхорлоогийн Нарангэрэл нар хүртэв.
Эх сурвалж: www.polit.mn