Солонгосын онгоцоор ирсэн Туркийн хоёр иргэнээс коронавирусний халдвар илэрчээ. Энэ талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдрийн ЭМЯ-ны мэдээллийн үеэр мэдэгдлээ.
Тэрбээр, “Токио-Улаанбатарын онгоцоор ирсэн 25 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. Тандалтаар 23 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Гуравдугаар сарын 28-ны Солонгосын онгоцоор Туркийн ЭСЯ-ны ажилтны ар гэрийн 3 хүн ирсэн. Тэдний хоёроос нь халдвар илэрлээ. Ирсэн хүмүүсийг шууд тусгаарлаж, гурав хоногийн дараа шинжилгээ авахад вирус илэрсэн. Ойрын хавьтал 10 хүнийг тусгаарлан хяналт, шинжилгээ хийж байна. Үйлчилсэн ажилтнуудад мөн зөвлөгөө өгч, тусгаарласан" гэв.
Гуравдугаар сарын 28-нд БНСУ-аас Монгол дахь иргэдээ авахаар тусгай үүргийн онгоц ирэхэд Монгол дахь Туркийн ЭСЯ-ны ажилтны ар гэрийн гурван хүн тус онгоцоор ирсэн аж.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 211 хүн хяналт, тандалтад байна.Улаанбаатар /МОНЦАМЭ/