Францад нас баралтын тоо огцом нэмэгдэж, Испанид халдвар хумигджээ

оруулсан Алсын Хараа

Франц улсад коронавирусийн халдвараар нас барж буй хүний тоо огцом нэмэгдэж, харин Испанид халдварын тархалт хумигдаж, хүмүүс халдвар авах нь багасаж эхэлсэн тухай эрх баригчид нь мэдээлж байна. Коронавирусийн халдвар авсны улмаас нэг өдрийн дотор 812 хүн нас барж, нас барсан нийт тохиолдлын тоо 7340 боллоо гэж Испанийн эрх баригчид даваа гарагт мэдээлэв. Гурав хоногийн өмнө нас баралтын түвшин харьцангуй бага байсан бөгөөд харин одоо тус улс энэ үзүүлэлтээр хоёрдугаарт орж байна. Үүний зэрэгцээ Испанид нэвтрүүлсэн хорио цээрийн арга хэмжээ үр дүнтэй байгааг тус улсын Эрүүл мэндийн сайд Мария Хосе Сьерра мэдэгджээ. Гуравдугаар сарын 25-ныг хүртэл халдвар авсан хүний тоо өдөрт дунджаар 20 хувиар нэмэгдэж байсан бол одоо энэ үзүүлэлт 12 хувьтай байгаа аж. Харин Испанийн Каталони муж, Баскийн өөртөө засах муж болон Мадрид хотод халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн хэвээр байна.

Тэгвэл Франц улсад коронавирусний халдвараар нас барж буй хүний тоо огцом нэмэгдсэн байна. Тус улсын эмч нарын мэдээлснээр, 3000 гаруй хүн нас барсан бөгөөд нас баралтын үзүүлэлт 16 хувиар нэмэгджээ. Франц улс энэ үзүүлэлтээр Итали, Испани, БНХАУ-ын дараа дөрөвдүгээрт орж байна.

Францын Эрүүл мэндийн газрын дарга Жером Саломоны мэдээлснээр, сүүлийн өдрүүдэд тус улсад коронавирусний халдвар авсан хүний тоо 11 хувиар өсөж, 40 мянга давсан байна. Харин Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээлэлд дурдсанаар бол Францад 45 мянга гаруй хүн халдвар авчээ.

ЛОНДОН. /BBC/

Сэтгэгдэл бичих