Манай улсын иргэн Пүлжингийн Энхсайхан Австралийн иргэн Лим Кен Жинийн үүсгэн байгуулсан ITGM компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 8 914 000 /Найман сая есөн зуун арван дөрвөн мянга/ ам.долларыг нь залилсан. Энэ хэрэг арваад жилийн өмнө болсон байдаг. П.Энхсайхан тухайн үед гэрээнд зааснаар цалин авдаг гүйцэтгэх захирал байжээ. Гэтэл Лим Кен Жинээс 2011-2013 онд компанидаа оруулсан хөрөнгө оруулалт болох дээрх хэмжээний мөнгийг өөрийн болон эхнэрийнхээ дансаар, бас бэлнээр аваад “шингээчихсэн” байгаа юм. Эдгээр нь баримт сэлттэй аж.
Тодруулбал, 2011 оны арваннэгдүгээр сарын 4-нд 500 000 ам.доллар, 2011 оны арванхоёрдугаар сарын 2-нд 1 000 000 ам.доллар, 2011 оны арванхоёрдугаар сарын 9-нд 1 000 000 ам.доллар, 2012 оны гуравдугаар сарын 9-нд 665 000 ам.доллар, 2012 оны гуравдугаар сарын 16-нд 840 000 ам.доллар, 2012 оны дөрөвдүгээр сарын 19-нд 930 000 ам.доллар, 2012 оны зургадугаар сарын 4-нд 760 000 ам.доллар, 2012 оны зургадугаар сарын 5-нд 320 000 ам.доллар, 2012 оны зургадугаар сарын 12-нд 939 000 ам.доллар, 2012 оны арванхоёрдугаар сарын 13-нд 460 000 ам.доллар, 2013 оны хоёрдугаар сарын 27-нд 500 000 ам.доллар, 2013 оны тавдугаар сарын 6-нд 650 000 ам.доллар, 2013 оны тавдугаар сарын 20-нд 350 000 ам.долларыг тус тус өгсөн байна.
Арваад жилийн өмнө болсон явдал яагаад өнөөдөр сөхөгдөв? Энэ учиртай. Оруулсан хөрөнгө нь компанидаа биш П.Энхсайханд “орчихсон” болохыг мэдсэн Лим Кен Жин 2013 оны сүүлчээс эхлээд Монголын хууль хяналтын байгууллагаар явжээ. Бүх баримт, өргөдөл гомдлоо барьж хоёр жил яваад няцаж эхэлсэн байгаа юм.
Учир юу гэвэл П.Энхсайханд цагдаагийн байгууллагаас хэрэг үүсгэмэгц прокурор хэрэгсэхгүй болгодог. Дахиад АТГ-аас хэрэг үүсгэнгүүт аанай л прокурор хэрэгсэхгүй болгочихдог.
Яагаад ингэснийх нь учир удахгүй тайлагдсан байгаа юм. П.Энхсайхан нь МУИС-ийн Хууль зүйн сургуулийг дүүргэсэн. Ангийнхан нь хууль хяналтын байгууллага, ялангуяа прокурорын байгууллагад хэд хэдээрээ ажилладаг. Одоо ч прокурорт удирдах албан тушаалуудыг хашиж байгаа аж. Тэр “сүлжээ”-гээрээ дамжуулаад хохирлыг барагдуулахаас зайлсхийж байсан гэж Лим Кен Жин хардаж байна.
Үнэхээр ч өнгөрсөн хугацаанд энэ хэрэгтэй холбоотой болж байсан үйл явдлууд ийм байх магадлалтайг харуулдаг.
Тухайлбал, Хан-Уул дүүргийн Цагдаагийн II хэлтсээс 2014 онд П.Энхсайханд эрүүгийн 201426000510 дугаартай хэрэг үүсгэжээ. Тухайн үед тус хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Б.Алтангадас мөрдөн байцаах ажиллагааг явуулж эхэлсэн. Ингээд шалгаж байтал 2015 онд Хан-Уул дүүргийн II прокурорын газрын хяналтын прокурор н.Ганчимэг хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоол гаргажээ. Лим Кен Жинийн зүгээс тус прокурорын газрын даргад гомдол гаргасан ч нэмэр болоогүй байна. Тиймээс тэр үеийн Нийслэлийн ерөнхий прокурор Б.Амгаланбаатарт гомдол гаргажээ. Гэвч Б.Амгаланбаатар гомдлыг хүлээж аваад хэрхэн шийдвэрлэсэн талаар ямар нэг хариу өгөөгүй байна.
Лим Кен Жин дараа нь АТГ-т ханджээ. Учир нь П.Энхсайханы үйлдэлд төрийн, хууль хяналтын байгууллагын албан тушаалтан оролцсон байж болзошгүй нөхцөлүүд байдаг аж. Энэ асуудлаар АТГ-ын мөрдөн байцаагч Ч.Жаргалбаатар эрүүгийн хэрэг үүсгэсэн байгаа юм. Гэтэл Ч.Жаргалбаатарыг хэрэг үүсгэсэн өдөр нь Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор н.Бадамцэцэг “П.Энхсайхан нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгахаас татгалзах” тогтоолыг гаргасан байна.
Тэгвэл одоо уг хэргийг хууль хяналт байгууллагынхан сэргээн шалгах бололтой. Үүнээс гадна П.Энхсайхантай хамаарал бүхий прокурорууд, тэднээр дамжиж энэ хэрэг удаа дараа хэрэгсэхгүй болж байсан талаар ч шалгах үндэслэл үүсээд байгаа юм.
Харин манай сэтгүүлч, сурвалжлагч нар тэр үед Хан-Уул дүүргийн II прокурорын газрын хяналтын прокуророор ажиллаж байсан н.Ганчимэг, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророор ажиллаж байсан н.Бадамцэцэг хоёр өнөөдөр хаана, ямар ажил, албан тушаалд эрхэлж буйг тодруулж, олж уулзааад зохих мэдээллийг авахаар НПГ болон УЕПГ-т хандаад байна. Мөн П.Энхсайханы хэргийг “дарах” үйл ажиллагаанд туслалцаа үзүүлсэн байж болох прокуроруудын сүлжээг ч ил болгохоор ажиллаж байна. Хамгийн гол нь ийм сүлжээ, нэр бүхий прокурорууд арваад жилийн өмнө ийм байдлаар хэд хэдэн гадны хөрөнгө оруулагчийг мухардалд оруулж, Монголоос “хөөсөн” байж болзошгүй байгаа юм.
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ