/МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын нэрэмжит "Mayor's Ulaanbaatar Challenger” 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн гран-при тэмцээн Үндэсний соёл амралтын хүрээлэнд 6 дугаар сарын 16, 17-нд болж өндөрлөлөө.
“Парис-2024” олимпын эрхийн оноо олгох албан ёсны цуврал тэмцээнүүдийн нэг гэдгээрээ онцлогтой тус тэмцээнд гадаадын есөн баг, Монгол Улсын таван баг буюу нийт 14 баг өрсөлдсөн юм. Тодруулбал, дэлхийн шилдгүүд болох Сербийн “ҮБ”, Бельгийн “Антверп”, Латвийн “Рига”, БНХАУ-ын “Футион”, АНУ-ын “Харлем”, Канадын “Торонто”, Польшийн “Лүблин”, Литвийн “Мариянпол”, “Каунас” баг болон Монголын “Улаанбаатар ММС Энержи”, “Сансар ММС Энержи”, “Амгалан”, “Баянгол Бронкос”, “Отгонтэнгэр Бродерс” багууд оролцлоо.
"Mayor's Ulaanbaatar Challenger 2023" тэмцээний аварга багаар Бельгийн “Антверп” баг шалгарч, харин Монголын “Улаанбаатар ММС Энержи” баг дэд байрт оров.
"Mayor's Ulaanbaatar Challenger” 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний аварга баг 15,000 ам.доллар, дэд аварга 10,000 ам.доллар, III байр 6000 ам.доллар, IV байр 5000 ам.долларын шагнал хүртэж байна. Мөн эхний хоёр байрт орсон баг Швейцар Улсын Люзанн хотод 2023 оны 8 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд болох Дэлхийн Их дуулгад оролцох эрхтэй болж байгаа юм.