Элсэлтийн ерөнхий шалгалт орон даяар өнөөдөр эхэлж байна. Түүхийн хичээлээр эхэлж буй ЭЕШ энэ сарын 18-нийг хүртэл үргэлжилнэ.
Нийслэлийн хэмжээнд шалгалтын 24 байранд 15 783 сурагч шалгалт өгөх юм.
Монгол Улсын хэмжээнд энэ жил Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар анги төгсөгчдөөс 34 117 нь ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн. Тэдний 54 хувь буюу 18 334 нь орон нутагт, 46 хувь буюу 15 783 нь Улаанбаатар хотод ерөнхий боловсролын 12 дугаар ангийг суралцан төгссөн юм. Мөн өнгөрсөн онд ерөнхий боловсролын сургуулиа төгссөн шалгуулагчид нэмэгдсэнээр 40 мянга орчим залуус ЭЕШ өгөх юм.
Шалгалтын хуваарь.
Зургаадугаар сарын 15-нд:
- 10.00 цагт Түүх
- 14.00-15.20 цагт Англи хэл
Зургадугаар сарын 16-нд:
- 10.00-11.40 цагт хими
- 13.00-14.20 цагт Газар зүй
- 16.30-17.50 цагт Нийгэм судлал
Зургадугаар сарын 17-нд:
- 10.00-11.20 цагт Биологи
- 14.00-15.40 цагт Математик
Зургадугаар сарын 18-нд:
- 10.00-11.40 цагт Физик
- 13.00-14.20 цагт Орос хэл
- 16.00-17.20 цагт Монгол хэл
ЭЕШ өгөхөөр ирэхдээ ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?
2023 оны ЭЕШ-д шалгуулагчид шалгалт эхлэхээс 1 цагийн өмнө шалгалтын байрандаа ирсэн байх шаардлагатай бөгөөд шалгалт өгөх анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна.
Шалгалтын цагаас хоцорсон тохиолдолд тухайн шалгуулагчийг шалгалтад оруулахгүйг Боловсролын үнэлгээний төв анхаарууллаа.
Шалгалтад ирэхдээ бүрдүүлэх материал:
1. Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг
2. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
3. Суудлын хуваарь / www.eec.mn цахим хаягаар орж бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаас хэвлэж авна/
4. Бүртгэлийн хуудас /www.eec.mn цахим хаягаар орж бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаас хэвлэж авна.
ЭЕШ өгөх сурагчид нийтийн тээврээр үнэгүй зорчиж байна
Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх сурагчдын бүртгэлийн хуудсыг үндэслэн нийтийн тээвэр бүх чиглэлд өнөөдөр үнэгүй үйлчилнэ.
Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр 10.00 цагт эхлэх юм. Нийслэлийн хэмжээнд шалгалтын 24 байранд 15,783 сурагч шалгалт өгөх юм. Үүнтэй холбоотой Нийслэлийн Засаг дарга Элсэлтийн ерөнхий шалгалт зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх тухай захирамж гаргасан.
Мөн шалгалт зохион байгуулах хугацаанд шалгалтын төвүүдийн ойролцоох зам засварын ажлуудыг түр зогсоож, усны хязгаарлалт хийхгүй байх талаар төрийн болон төрийн бус байгууллагуудтай холбогдох хууль, журмын дагуу хамтран ажиллахыг Нийслэлийн Боловсролын газарт даалгасан.
Түүнчлэн шалгалт авах төвүүдийн цахилгаан хангамжийн хэвийн үйл ажиллагааг хангах, нийтийн хэв журмыг сахиулах, авто замын түгжрэл үүсэхээс урьдчилан сэргийлж ажиллахыг холбогдох албаныхан болон дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгосон юм.