Ипотекийн зээл авсан иргэд нэг хувийн шимтгэлээ буцаан авах эрх үүсэв

оруулсан Алсын Хараа

Захиргааны хэргийн шүүхийн давж заалдах шатны шүүх арилжааны банкууд ипотекийн зээл олгохдоо нэг хувийн шимтгэл авч байгааг үндэслэлгүй хэмээн шийдвэр гаргажээ.

Тодруулбал, ШӨХТГ арилжааны нэр бүхий 9 банканд ипотекийн зээл олголтын шимтгэлийг гаргаж буй зардалтай уялдуулан үндэслэлтэй тогтоон, харилцагч нартай байгуулж буй зээлийн гэрээнд энэ талаар өөрчлөлт оруулах арга хэмжээ авч, гарч буй зөрчлийн үр дагаврыг арилгах албан шаардлагыг 2022 оны 8 дугаар сарын 12-нд хүргүүлсэн юм.

Банкууд ШӨХТГ-ын дээрх албан шаардлагыг эсэргүүцэн Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Захиргааны хэргийн анхан шатны шүүх энэ талаар өнгөрсөн 4 дүгээр сарын 12-нд банкуудын талд шийдвэр гарсан юм. Үүний дагуу ШӨХТГ давж заалдснаар өчигдөр буюу 6 дугаар сарын 13-нд давж заалдах шатны шүүхээс ШӨХТГ-аас арилжааны банкуудад тавьсан албан шаардлага болон нэхэмжлэл зөв зүйтэй, хүчинтэй гэсэн шийдвэр гарсан талаар ШӨХТГ-ын дарга Н.Мандуул мэдээллээ.

Арилжааны банкууд ипотекийн зээл олгохдоо нэг хувийн шимтгэл авч байгаа нь үндэслэлгүй хэмээн ШӨХТГ үзсэнээр энэ талын маргаан үүсэж шүүхэд хүрсэн юм. Шүүх ипотекийн зээлийн дүнгээс банкууд нэг хувийг суутгах нь үндэслэлгүй хэмээн үзжээ.

Сэтгэгдэл бичих