Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-руу айлчлах хүсэлтэд тус улс татгалзсан хариу өгсөн гэх мэдээлэл гарсан. Үүнд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр /2023.06.14/ дараах хариултыг өглөө.
Тэрээр “Монгол Улсын Ерөнхий сайдын БНХАУ-д хийх албан ёсны айлчлалын тов хоёр улсын Засгийн газрын хооронд тогтсон байгаа. Тодорхой хэмжээний нууцлалын зэрэгтэй байдаг учраас хугацааг шууд хэлэх боломжгүй байна.
БНХАУ-ын зүгээс Ерөнхий сайдын албан ёсны айлчлалтай холбоотойгоор татгалзсан хариу өгсөн зүйл огтоос байхгүй. Гагцхүү Ерөнхий сайдын айлчлал нь өөрөө улс төр болон эдийн засгийн ямар өндөр ач холбогдолтой байх вэ гэдэг дээр хоёр тал маш нарийн ярилцаж байна.
Нэг ёсондоо энэ айлчлал бол айлчлаад ирэх гэхээс илүүтэйгээр улс хоорондын экспорт, импортын асуудлыг нэг мөр шийдсэн, төмөр замын холболтын цэгүүдийг эцэслэн тогтсон, Монгол Улсаас гарч байгаа экспортын бараа бүтээгдэхүүн, тэр дундаа уул уурхайн бүтээгдэхүүний биет хэмжээг албан ёстоор тохирсон томоохон үр дүнтэй, ач холбогдолтой айлчлал болох талаас нь хоёр тал хариуцлагатайгаар ажиллаж байгаа” гэлээ.