Элон Маскийг монгол боловсон хүчнээр хангая

оруулсан Алсын Хараа

Шинжлэх ухаан, технологи, сансар судлалын салбарын акул Элон Маск дэлхийн тойрог замд 12 мянган ширхэг хиймэл дагуул байрлуулж, цэнхэр гаригийн өнцөг булан бүрт өндөр хурдны интернэт нэвтрүүлэх хүсэлтэй билээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ түүнтэй цахим уулзалт хийж, “Tesla” компанийн салбарыг Монгол Улсад байгуулбал татвар болон эрх зүйн орчноор дэмжихээ илэрхийлсэн. Мөн шилдэг IT инженерүүдийг сургах тэтгэлэгт хөтөлбөр санаачлахыг Элон Маскаас хүссэн юм.

Монголд аль хэдийн цахилгаан машин нэвтэрч эхэлсэн. Гэтэл жолоочгүй машин осол хийвэл хэн хариуцлага хүлээх вэ. Монголд энэ талаарх ямар ч хуулийн зохицуулалт байхгүй гэдгийг мэргэжилтнүүд онцолж буй. Энэ талаар улстөрчид болон мэргэжилтнүүдийн байр суурийг хүргэе.

ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА, ХОЛБООНЫ САЙД Н.УЧРАЛ

-"Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Элон Масктай цахимаар уулзалт хийсэн. Хамтын ажиллагааны хүрээнд Монголд хиймэл дагуулын үйлчилгээ явуулж буй  аль ч дэлхийн компани орж ирэх боломжтой. Дээрээс нь улс орны хаанаас ч интернэтэд холбогдоно гэсэн үг.  Мөн үндэсний хиймэл дагуул хөөргөхөөр Францын засгийн газартай хамтран ажиллаж байна" гэв.

УИХ-ЫН ИННОВАЦИ, ЦАХИМ БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Н.БАТШУГАР

-Энэ асуудалд Засгийн газраас тодорхой хариулт өгч чадна. УИХ дахь байнгын хорооны зүгээс шууд холбогдож, ажилладаггүй. Элон Маскийн компанийн "Starlink" интернэт Монголд нэвтрэхэд ямар нэгэн саад байхгүй. Журмын заалтыг нь цуцалсан. Тиймээс шууд үйлчилгээ явуулах боломжтой. Хэрвээ салбар компаниа нээхээр болбол төлөөлөгчийн газраа нээх шаардлагатай болно. Монголд заавал газрын станц байгуулах талаар хүндрэлүүд байсан.

Элон Маскийн компани Монголд газрын станц байгуулахгүйгээр тавган антен худалдаж аваад, тодорхой радиуст wifi сүлжээгээ цацна гэсэн үг.

Харин цахилгаан машин осол гаргавал хариуцлагыг хэн хүлээх вэ гэдэг асуудал одоо дэлхий нийтэд тулгарч байгаа. АНУ-ын зарим хотуудад зохицуулалтыг хийж эхэлж байна. Монголд заавал хууль гэлтгүй дүрэм журмаар зохицуулах боломжтой гэдэг хариултыг өгсөн юм.

"КОЛЛПРО" ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Т.АЯГҮЛЬ

-Технологийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг хувийн хэвшлийн компаниудад тендерийн асуудал тулгардаг. Шаардлага нь өндөр байдгаас аж ахуйн нэгжүүд оролцож чаддаггүй. Яг үнэндээ технологийн компаниудад хэдэн компьютер, програм хангамжууд байгаа. Төртэй хамтран ажиллахад хүндрэлтэй байдаг. Сүүлийн үед Элон Маск Монголд салбар компаниа байгуулах тухай зарим хэвлэлээр, олон нийтийн сүлжээгээр мэдээлэл цацагдаж байна. Дэлхийн томоохон компаниудын үйлдвэрийг яагаад Монголд байгуулж болохгүй гэж. Тэнд ажиллах боловсон хүчний нөөцийн дийлэнх хувийг эх орноосоо хангах байдлаар гэрээ байгуулж ажиллах нь зүйтэй. Жишээлбэл нийт ажилчдын 60/40 байдлаар бүрдүүлж, сургаж ажиллах боломжтой гэж харж байна.

Харин химийн хортой бодис ашиглах, байгальд хөнөөлтэй гэдэг талаас харахгүйгээр нөхөн сэргээх хяналтыг сайтар тавих хэрэгтэй.

Хэрвээ дэлхийн том брэнд Монголд үйлдвэрээ байгуулбал олон улсад өрсөлдөх түвшний мэргэжилтнүүдийг бэлтгэж эхэлнэ. Иргэн хөгжсөнөөр бидний амьдрах орчин сайжирч, нийгэм хөгжинө. Цар тахлын дараагаар олон иргэн гадаадыг зорьж байна. Энэ бүхэн биеллээ олбол эх орондоо сайхан ажиллаж, амьдрах боломж бүрдэнэ гэж бодож байна" гэв.

Сэтгэгдэл бичих