Ц.Амгаланбаатар ноцтой асуудлаар Хүний эрхийн байгууллагаас тусламж хүсчээ

оруулсан Алсын Хараа
Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн нэг “дүр” нь Ц.Амгаланбаатар гэх хоригдож буй этгээд байдаг. Тэрбээр Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг энэ хэрэгт холбогдуулсан гэх дүгнэлтийг хууль хяналтын байгууллагуудын гаргаж буй шийдвэрүүдээс харж болохоор байна. Учир нь С.Зоригийг хөнөөсөн гээд гурван шатны шүүхээр шийтгүүлээд байсан дээрх хоёр хүн жил гаруйн өмнө суллагдсан. Улмаар тэдэнд холбогдох хэргийг прокурор саяхан хэрэгсэхгүй болгосон. Тэгвэл үүнтэй холбоотой ноцтой асуудлыг Ц.Амгаланбаатар сөхжээ. Тэрбээр “Тухайн үед Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг гүтгэж намайг дарамталсан. Гэр бүлийг минь барьцаалсан. Одоо намайг энд хорлож болзошгүй” гэсэн агуулга бүхий асуудлаар Хүний эрхийн байгууллагуудад хандаж, тусламж хүссэн гэх мэдээлэл бидэнд ирлээ.
Түүний хувьд өмнө нь 2019 онд иймэрхүү агуулгатай захидлыг хорих ангиас хууль хяналтын байгууллагуудад хандаж бичсэн байдаг. Хэвлэлүүдээр ч мэдээлж байв. Тэр үед “Цэвэлмаа овогтой хоригдол Амгаланбаатар миний бие 1998.10.02-ны өдөр УИХ-ын гишүүн С.Зоригийн амь насыг хөнөөгөөгүй билээ.
Мөн Э.Бат-үүл, Б.Булган, Ганхуяг, Б.Содномдаржаа, Т.Чимгээ гэх хүмүүс энэ хэрэгт ямар ч хамаагүй билээ. Мөн 2006.12.20-нд гэр бүлээрээ шатаж нас барсан Паар хочтой Отгонбаатарыг гэр бүлийн хүмүүстэй нь Б.Содномдаржаа бид хоёр шатааж алаагүй билээ. Тэр үед би Эрдэнэт хотод байгаагүй. Мөн би 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр 16 нас хүрч байсан. Би тэр үед хүн алах нь байтугай маш аймхай хүүхэд байсан юм.
Би Э.Бат-Үүл, Б.Булган хоёрыг танихгүй, уулзаж байгаагүй.
Иймд та С.Зоригийн хэрэгт болон Отгонбаатарыг гэр бүлийн хамт шатааж алсан гэж холбогдоод хэлмэгдэж байгаа хүмүүсийн асуудлыг хуулийн дагуу үнэн зөв шударгаар шийдвэрлүүлж гэмгүй хүмүүст тусална уу" гэж бичсэн захидал нь хэвлэл, олон нийтийн сүлжээгээр цацагдсан.
Түүнчлэн Олон улсын парламентын холбооны Парламентын хүний эрхийн хорооны төлөөлөгчид 2019 оны зургадугаар сарын 5-7-ны өдөр Монгол Улсад ажилласан томилолтын тайланд анхаарал татсан зүйлүүд орсон байдаг. Тэд Ц.Амгаланбаатартай уулзсанаа “Төлөөлөгчид Улаанбаатар хотын зүүн хэсэгт байрлах чанга дэглэмтэй хорих ангид буй Ц.Амгаланбаатартай уулзсан. Уулзалтад УЕПГ-ын Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Д.Отгонбаяр нар байлцав. Д.Отгонбаярын мэдээлснээр Ц.Амгаланбаатар нь нэгэн зэрэг ялтан ба гэрч тул түүнийг  тусгай хамгаалалтад авсан гэв. Ц.Амгаланбаатар нь өөрийгөө мөн онц ноцтой хэргийг нуун дарагдуулах  авлигын тогтолцооны хохирогч болсон гэж төлөөлөгчдөд тайлбарлав.
Ц.Амгаланбаатар 2013 онд мэдүүлгээсээ няцаж, худал хэлсэн гэдгээ хүлээн зөвшөөрснөө төлөөлөгчдөд хэлэв. Ц.Амгаланбаатар Төлөөлөгчдөд мэдээлэхдээ тэрбээр Ерөнхий прокурор болон цагдан хорих газрын дарга нартай уулзаж Түр хороонд захидал бичиж, мэдүүлгээ эгүүлэн татах хүсэлт гаргавал ямарваа нэгэн үр дагавар гарах эсэхийг асуусан гэв. Улсын Ерөнхий прокурор, Цагдан хорих газрын дарга нар Ц.Амгаланбаатарыг аливаа шахалт дарамтаас сэргийлж, хамгаалалтад авахыг нотолж, харин хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгөхгүй байхыг хүсчээ. Захидалдаа (Амгаланбаатарын бичсэн захидлын хувь нь албан ёсны орчуулгын хамтаар дагалдах баримт бичгүүдэд хавсрагдсан болно.) Ц.Амгаланбаатар С.Зоригийг хөнөөгөөгүй. Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг гэм буруугүй хэмээн мэдэгдсэн байна. Мөн Ц.Амгаланбаатар Төлөөлөгчдөд хандан хэлэхдээ хэрэв 2013 онд тэрбээр хуульчийн зөвлөгөө авч чадсан бол гэмт хэрэг үйлдсэн тухай мэдүүлэхгүй байх байсан ба Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг ч мөн тус мөрдөн шалгах ажиллагаанд оруулж гэмт хэрэгт чирэхгүй байсан гэв. Тэрбээр хийсэн үйлдэл, гаргасан шийдвэртээ харамсаж буйгаа илэрхийлэв” гэсэн байдаг. Мөн УИХ-ын Түр хорооны гишүүн Ж. Батзандан, Л.Болд нар 2019 оны есдүгээр сарын 2-нд мэдээлэл хийхдээ “Ц.Амгаланбаатар төрийн гурван өндөрлөгт бичсэн захидалдаа “Эрүүдэн шүүсэн хүмүүс надад 500 сая төгрөг өгч гадаадад гаргаж амьдруулна гэж амласан. Ийм учраас би Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг гүтгэсэн. Гэтэл 500 сая төгрөгөө ч өгсөнгүй, намайг гадагшаа ч гаргасангүй. Ахиж би гүтгэж чадахгүй” гэдэг асуудлаа дахин нотолж, УИХ-ын гишүүдэд хандсан байна. 14 хоног нь дууссан учраас прокурор ажлаа хийх ёстой гэсэн байр суурь дээр байна” гэж байсан юм.
Ө.Бааст
"Өдрийн сонин"

Сэтгэгдэл бичих