Д.Тогтохсүрэн: Эмэгтэй квотыг 30 хувиас доошгүй байх нь зүйтэй гэж үзсэн

оруулсан Алсын Хараа

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тодотгол, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг тус тус хэлэлцжээ.

Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдэд мэдээлэхдээ "Засгийн газраас өнгөрсөн долоо хоногт төсвийн тодотголыг өргөн барьж, УИХ-аар анхны хэлэлцүүлгийг нь хийсэн. Төсвийн тодотголыг дагаж энэ оны төсвийн хүрээний мэдэгдэл, 7 хууль, 2 тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулж батална. Төсвийн хуулийг долдугаар сарын нэгнээс дагаж мөрдөх учраас яаралтай горимоор хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

Хоёрдугаарт, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн анхны хэлэлцүүлгийг өнгөрсөн долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хийсэн. Тус хэлэлцүүлгийн үеэр нэг хүйсийн доод хэмжээ 40-өөс доошгүй байх заалтыг гишүүд дэмжсэн. МАН хүйсийн тэгш байдлыг дэмжих бодлогыг барьж ирсэн. Одоо мөрдөж байгаа Сонгуулийн тухай хуульд эмэгтэй квот 20 хувиас доошгүй байна хэмээн заасан байдаг. УИХ-аар хэлэлцэж байгаа хуулийн төсөлд  эмэгтэйчүүдийн оролцоог 30 хувиас доошгүй байхаар тусгасан.

УИХ-д суудалтай эмэгтэй гишүүд 40 хувь болгох саналыг байнгын хорооны хуралдаанд гаргасан нь дэмжигдээгүй ч  чуулганы хуралдаанаас дэмжсэн юм. Энэхүү асуудлыг бүлгийн түвшинд хэлэлцээд, эмэгтэй квот 30 хувиас доошгүй байхаар тогтлоо. Цаашид эмэгтэйчүүдийн квотыг шат дараатай нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Харин нам эвслийн нэрийн жагсаалтад орох 48 хүнийг 1:1 зарчмыг хэвээр хадгалахаар намын бүлэг санал нэгдлээ" гэв.

Сэтгэгдэл бичих