Монголын Майк буюу Шаравжамцын Энхийн-Од NBA-ийн энэ оны драфтад нэрээ дэвшүүлсэн ч эргэж татсан билээ. NCAA -ийн I дивизионы багт тоглосон Монголын анхны сагсанбөмбөгч тэрбээр NBA-д тоглох боломжоо улам бататгах, илүү найдвартай үедээ драфтад дахин орох зорилготойгоор Америкийн оюутны нэгдүгээр дивизионд дахин тоглохоор шийдвэрлэсэн юм.
Улмаар Индиана, Мемфис, Небраска, Питтсбур, Сан Франциско гэсэн таван сонголтоос "University of San Francisco" их сургуулийн "San Francisco Dons" багт тоглохоор сонголтоо хийжээ.
Түүний сонгосон баг нь 1950-аад оны үед NCAA-гийн хүчирхэг багуудын нэг байсан бөгөөд 1955, 1956 онд хоёр жил дараалан аварга болсон түүхтэй. Мөн NBA-гийн бүх цаг үеийн агуу тоглогчдын нэг Билл Рассель, "Бостон Селтикс"-ийн эрин үений домогт төлөөлөл Кей.Си.Жонс, "Чикаго Буллз" багийн 1990 оны эхэн үеийн гарааны төвийн тоглогч Билл Картрайт нарын шилдгүүд Сан Францискогийн их сургуулийн багт тоглож байжээ.
Монгол Майк Ш.Энхийн-Одын шилжилтийг шинэ баг нь ирэх долоо хоногт албан ёсоор зарлах юм байна.