Мэргэжлийн сүмогийн өнгөрсөн сарын Нацү башегийн түрүү бөх, 73 дахь ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ зургадугаар сарын 11-ний өдөр хуримаа хийжээ. Түүний эхнэр нь монгол бүсгүй бөгөөд тэд ахлах сургуульд байхдаа анх танилцсан аж. Тэдний хурим 2018 оны хоёрдугаар сарын 15-нд товлогдсон ч "Ковид-19" халдвар, өөр олон хүчин зүйлээс шалтгаалж хэдэн жил хойшлогджээ.
Хосуудын хуримын ёслолд 800 орчим хүн цугласан бөгөөд озэки Такакэйшо, озэки асан Кайо, хип хоп дуучин AK-69, дуучин Хироши Ицүки, Акира Кобаяши, Тэрүнофүжигийн сайн найз, олимп, дэлхийн аварга жүдоч Шохэй Оно тэргүүтэй хүндтэй зочид оролцсон байна.